Намрын нээлтийн аяллыг Сүүж уулын чиглэлд хийхээр төлөвлөн судалгааны аяллыг анд Т.Баярсайхан (038) автомашинаар дэмжин хамтдаа хийлээ. Гүнтийн даваагаар даваж, Жаргалант суурингийн баруун хойд талын Гурвын даваагаар даван Нарийний гол руу уруудан явсаар, Хайлаас уулын өвөрт намаржих нутгийн айлд очив. Гэрийн эзэн нь Т.Баярсайханы эртний танил найз нь юм.
Унадаг дугуйгаар аялахад тун тохиромжтой нэг чиглэл ийнхүү "нээгдсэн" юм. Хонь төхөөрүүлж, намрын нээлтийн аяллын "зоог" бэлдэх талаар ч ярилцаж тохирлоо. Ажлаа амжуулж сэтгэл хангалуун болсон бид хоёр Эмээлтээр дайран хот руу буцсан билээ.