Юуны өмнө, аяллын санхүүгийн зардлыг гарган, өөрийн автомашинаар дэмжлэг үзүүлэн хамтдаа аялсан группийн админ Ч.Мажигсүрэн, Э.Уянга нартаа халуун талархал илэрхийлье.
Зураг 1. Гүнтийн даваа өгсөх замдТэнгэр цэлмэг, салхи тогтуун, намрын шар нар ээсэн өдрүүдэд энэ аялал явагдсан. Өглөө эрт Гүнтийн даваа даван Батсүмбэр сумын төвд ирлээ. Цааш явж багахан толгой дээр бууж өглөөний цайгаа ууж амарлаа.Шинэ булгийн даваа даваж Хараа гол руу уруудан гол дагасан замаар Шатанг өртөө өнгөрч Өлгий гол туулан гарч үндсэн замдаа орлоо.
Зураг 2. Хараа голын хөндийн намрын үзэмжУулын бэл, голын дэнж татам эмжин өгсөх зурайсан замаар бидний автомашин итгэлтэй урагшилна. Байгалийн үзэмжийн хувьд маш сайхан хангай байлаа. Уулын ам бүрээс буух горхи, жижиг гол дээгүүр барьсан хуучны гуалин (дүнзэн) гүүрнүүд их эвдэрсэн байлаа. Итэмийн даваа давлаа. Уулын бэлийн замаар явж байхад тэр дор Нэмэхийн гол харагдана. Нэмэхийн даваа даваж уруудан явсаар Нэмэх, Чулуутын голын бэлчир дээр ирэв. Хуучны том модон гүүр байсан боловч ойн түймэрт шатаад, одоо хэдэн тулгуурын овоолсон шороо голын голдрилд үлдсэн харагдана.
Зураг 3. Отоглов. Нэмэх Чулуутын голын бэлчирЭнд орон нутгийн байгаль хамгаалагч нартай таарав. Хэрэг зоригоо хэлж уулзав. Та нар цаашаа Тогоо руу ганц автомашинтай явж болохгүй. Шавар ус ихтэй аглаг газар. Ер нь энэ хэсэг бол Естий рашааны тойрог хаяа нутаг шүү дээ гэж хэлэв. Голын бэлчирийг автомашинтайгаа туулаад гарчихав. Энд отоглож хоноод маргааш өглөө ирсэн замаараа буцахаар шийдэв.
Зураг 4. Буцах замд. Өлийн даваанаас Шатанг голын хөндий рүү уруудан орох замАвтомашины ачаан дээр унадаг дугуйгаа ачиж байхдаа, урд хойд дугуйг нь салгасан билээ. Гэтэл замын сэгсрээнд урд, хойд дугуйны сүмбэн гол суларч хамаг эрэг боолт автмашины дээвэр дээгүүр өнхөрөх чимээгээр бид зогслоо. Хэд хэдэн боолт, бул зэргийг олсон ч гэсэн зарим нь хаягджээ. Ийнхүү унадаг дугуйг автомашинд ачиж сураагүй байсанаа мэдсэн нь нэг сургамж болон үлдсэн.
Энэ чиглэлийн замд илэрхий шавар ус үгүй бөгөөд унадаг дугуйтай аялахад намрын энэ цагт тун боломжийн санагдаж байлаа. Хоногийн аялал хийхэд тун боломжийн зам олчихлоо гэж бодож явсан.