Богд уулыг 1998 онд унадаг дугуйтай тойрч байсан. Баруун талаас нь эхлээд Зуунмод хот өнгөрч шороон замаар яваад Сэргэлэнгийн цэргийн ангиар дайрч гаран явсаар, нэг их алсаас харагдах даваа өгсөн уруудаж Хонхор суурин руу орж байсан. Одоо санахад Майдар гээд хөшөө барьж байгаа амны эхээр халзагнаад өгссөн бололтой. Их халуун өдөр, салхигүй, замын шороо пур хийж байсан.
Унадаг дугуйгаар 100-110 км зай туулан аялдаг чиглэл. Сүүлийн үед зам харилцаа сайжран Налайх- МАК- Зуунмод хот- Буянт ухаа гээд дандаа засмалаар жийх боломжтой. Замын дугуйтай дугуйчид түлхүү жийдэг дээ. Манай групп аль болох шороон замаар ахиу явж тойрохыг хичээсээр ирсэн. Анх Туул зөрлөг, Хонхор суурингаас Баян уулын урд хөтөл чиглэн явдаг байснаа больж, сүүлд шинэчилсэн судалгааны аяллаар Хонхор суурин, Бумбат өртөөгөөр дайран, Ширдэгтийн богино амаар өгсөн, Баянбулагын амаар уруудах зам "олж" түүгээр аялаж байгаа. Автомашины замаар явдаг тул осол гарах эрсдэлтэй, тиймээс энэ замд бөөнөөрөө явах нь аюул багатай. Салхинд туугдах тохиолдолд ганц нэг, хоёр гурваараа "буудаж" болно.
Намрын шар нартай, цэлмэг өглөө боллоо. Дүнжингарав дээр зогсож байтал Гантулга маань ирэв. Хоёулаа элдвийн хөөрөлдөх ахуйд танихгүй хоёр залуу маш сүрлэг дугуйтай ирж бидэнтэй нэгдэв. Ж.Октябрь гишүүн болон дүүтэй нь ингэж танилцаж билээ. Манай хоёр downhill дугуйтай.
Аяллын өмнө явах замаа газрын зураг дээр харж, ямар боловч Налайх дүүрэг хүртэл (одоогийн зам тавигдаагүй байсан, нарийн осол их гардаг гэж нийгэмд ойлгогддог байсан үе)-хи засмал замаар явалгүй уулын ар хормой дагасан замаар явахаар шийдэж билээ. Дугуйн замаараа жийж Баянзүрхийн гүүр гараад айлын гудамжаар сүлжилдэн төмөр замаа бараадав.


