Группийн түүх: Группийн аялагчийн тэмдэгт хийсэн шинэчлэлийн танилцуулга (зураг 7)
Уламжлалт 88 км туулах замын чиглэл хур бороо, голын усны түвшинээс шалтгаалан өөрчлөгдөж 125 км замаар аялах боллоо. Мөн бүртгэлийн цэгүүд дээр заасан цагт очиж амжин бүртгүүлэх даалгавартай байв. Гараанаас өглөө 7.00 цагт (оролцогч нарын фото зургыг авах гэж 15 орчим минут зарцуулсан) гарав.



АЯЛЛЫН ШИГТГЭЭ: Замтын даваа. Сүүлийн уртхан шиг огцом өгсүүрт дугуйгаа түрээд аахилж явтал өөр багийн танихгүй залуу жийсээр намайг гүйцэв. Сайн байна, миний дүү жийгээд байгаарай гэтэл ах аа, миний араа дуусчихсан, гэхдээ гүрийнээ гээд л хэлж байтал араас манай багийн гишүүн Э.Уянга (074), Ч.Мажигсүрэн (036) нар “идээд” ирэв. Нөгөө залуу надад хэлсэн үгээ манай хоёрт хэлсэн бололтой дог, харин Э.Уянга нөгөө дугуйчин залууд ах аа надад 6 арааны нөөц байна. Та нэгийг нь авах уу гэдэг байгаа. Ёоооё, үнэхээр хэлэх үг ч олдоогүй, тэр 3 жийгээд л надаас алсарсан. Үнэхээр бяртай, унадаг дугуйны төлөө төрсөн гэмээр дүү охиноороо дахин бахархаж намрын ойн бүдэг зам даган сэтгэл хангалуун алхаж билээ.


Хамтын хүч, бие биенээ дэмжин аялах дугуйчин хүний тэнүүн сайхан сэтгэл, хэлсэн үгээ үйлдэл болгон хэрэгжүүлдэг ямар ч бэрхшээлийн өмнө сөхөрдөггүй ган мэт хатуу зүтгэл биелэл болж манай багынхан бариандаа 18.20 цагт орсон билээ. Багаас үлдсэн 2 гишүүн маань мөн л бариандаа ирж, finish медаль гардан авч биднийг баярлуулав.

АЯЛЛЫН ШИГТГЭЭ: Манай группийн аялагч гишүүн Ц.Тулга (108) энгийн тоногтой, өөрөөр хэлбэл нэг хүрд, нэг араатай унадаг дугуй унаж аялалд жийж (өөрийнхөө анд нартаа хамт нэг баг болж оролцсон) байлаа. Энэ бол тоглоом ч үгүй гайхамшиг шүү. Миний хочлон хэлсэнээр "11-тэй дугуй"-гаар 1800- 1900 м өндөр 3 даваа давж, огцом өгсүүр бүхий 10-аад хөтөл, нугачаа туулан цагтаа багтаж 125 км шороон замаар гялалзтал жийнэ гэдэг дугуйн аяллыг ойлгодог хүний санаанд оромгүй мөрөөдлийн биелэл байлаа. Тулга дүүтэйгээ хойно, урдаа орж жийсээр байгаад бариа хүрэхээс 7 км дутуу байхад би (миний дугуй 2х10 араатай) урдаа алдчихсан. Энэ бол үнэхээр болсон явдал, үнэн түүх билээ.
Түгжирч явсаар байгаад УБ хотод 23.30 цагт ирж Дүнжингарав дээр хүлээх ачааны автомашинаас дугуйгаа аван гэр гэрийн зүг жийж билээ. Аяллын багийг зохион байгуулж, аялалд амжилттай оролцох нөхцлийг хангасан багийн менежер Ч.Мажигсүрэн (036) хүнд бэрх замыг хамтдаа туулсан багийн хамт олон, Цонжин Болдогоос УБ хүртэл бидний унадаг дугуйг ачсан дугуйчин- жолооч, ногоон тэмдэгтэй гишүүн Г.Цэрэндорж (048), аялагч гишүүн Т.Зоригоо (057), дугуйчдыг Налайх руу рейс хийн хүргээд, буцан ирж биднийг УБ хот руу хүргэсэн дугуйчин-жолооч А.Батхуяг (117), дугуйчин-жолооч Г.Ганбаяр (118) нартаа чин сэтгэлийн халуун талархал хүргье. Аяллыг автомашинаар дэмжин оролцсон эрхэм анд та нарын аяллын хувийн хэрэгт админ миний бие бүрэн эрхийн дагуу 125 км тооцон (Т.Зоригоо 63 км) тэмдэглэх болно. Ийм л гишүүн дэмжигчдын сайхан сэтгэл, үнэнч зүтгэлийн ачаар бидний аялал бүтдэг гэдгийг үргэлж санаж яваарай.

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
| Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
|---|---|---|
| А.Батхуяг | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1321 км |
| Г.Цэрэндорж | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1300 км |