Агаарын бохирдолтой үед дугуй унах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул унадаг дугуй унах тохиромжтой цаг үеийг агаарын чанарт тулгуурлан сонгох хэрэгтэй. Судалгаагаар PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өдөрт 50 мкг/м³ байх үед дугуйгаар дунд зэргийн эрчимтэй зорчих хугацаа 75 минутаас хэтрэхэд үр ашиг буурч, 300 минутаас цааш эрсдэл давамгайлдаг нь тогтоогджээ. Улаанбаатар хотын 2025 оны хаврын агаарын чанарын мэдээлэлд үндэслэн 3-р сарын 22-ноос хойш бохирдол буурсан нь гадуур дугуй унахад илүү тохиромжтой үе эхэлснийг харуулж байна. Өнгөрсөн намар энэ огноо 11-р сарын 1-нд тохиож байжээ. Агаарын чанарыг зөв ойлгож, аюулгүй үеийг сонгож чадвал дугуй унахын эрүүл мэндийн үр ашиг улам баталгаатай байх боломжтой.
Унадаг дугуй унах нь зүрх судасны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Нэгэн судалгаанд тогтмол дугуй унадаг 7000 гаруй хүний өгөгдлийг ашиглан дугуй унах идэвх (MET-h/week) болон цусны даралт, холестерин, BMI зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалжээ. MET (Metabolic Equivalent of Task) нь хөдөлгөөний эрчим ба үргэлжлэх хугацаанд үндэслэн энерги зарцуулалтыг хэмждэг нэгж бөгөөд MET-h/week нь долоо хоногийн нийт идэвхийг илтгэнэ. Судалгаагаар 61 ба түүнээс дээш MET-h/week үзүүлэлттэй хүмүүсийн цусны даралттай байх эрсдэл суурь бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан бөгөөд дугуй унах хэмжээ нэмэгдэх тусам эрсдэл буурч байжээ. Мөн BMI буурч, холестерин өндөр байх магадлал багассан байна. Ийнхүү долоо хоногт дор хаяж 61 MET-h/week энерги зарцуулахуйц дугуй унах нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга болох нь тогтоогджээ.
Ясны сийрэгжилт (остеопороз) нь ясны нягт буурч, хугарах эрсдэл нэмэгдэх эмгэг бөгөөд доргилт ихтэй дасгалууд урьдчилан сэргийлэхэд үр дүнтэйд тооцогддог. Унадаг дугуй нь бага доргилттой дасгалд тооцогддог тул ясанд ачаалал бага өгдөг. 2003 оны *Osteoporosis International* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар олон жил дугуй унасан мастер тамирчдын ясны нягт энгийн хүмүүсээс бага байжээ. Мөн 2024 оны *BMC Public Health* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өндөр доргилттой дасгал ясны сийрэгжилтийг бууруулдаг бол бага доргилттой дасгалын нөлөө батлагдаагүй байна. Гэхдээ уулын дугуй нь засмал замын дугуйнаас ялгаатай. 2002 оны *Bone* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд уулын дугуй унадаг эрчүүдийн ясны нягт нь замын дугуй унагчид болон хяналтын бүлгээс илүү гарчээ. Иймд эрэгтэйчүүдийн хувьд уулын дугуй ясны сийрэгжилтээс сэргийлэхэд тустай байж болох юм.