Улаанбаатар уулын дугуйн клуб

Уулын унадаг дугуйгаар хичээллэх нь эрчүүдийн ясанд ээлтэй

2025 оны 6 сарын 29

Ясны сийрэгжилт буюу остеопороз бол ясны нягтшил буурч, хугарах эрсдэл нэмэгддэг, сүүлийн үед өргөн илэрч буй өвчин бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхэд ясанд ачаалал, доргилт өгдөг дасгалууд илүү үр дүнтэй гэж үздэг. Гэтэл унадаг дугуй нь ясанд бага ачаалал өгөөд зогсохгүй энэ нь багагүй хугацаагаар үргэлжилдэг. Жишээлбэл манай УБ уулын дугуйн клубийн зохион явуулдаг бямба гараг тутмын өдрийн аялал гэхэд л өглөө 09:00 цагт эхлээд дунджаар 16:00 - 17:00 хооронд дуусдаг. Мэргэжлийн тамирчид бол үүнээс ч олон цагийг унадаг дугуй дээр өнгөрөөдөг биз ээ. Иймээс унадаг дугуйг яс сийрэгжилтийн зүгээс авч үзлээ.

Osteoporosis International сэтгүүлд 2003 нийтэлсэн Low bone mineral density in highly trained male master cyclists судалгааны ажлын тайланд дугуйн спортоор олон жил тогтвортой хичээллэсэн мастер дугуйчид насны хувьд ижил, ердийн хүмүүстэй харьцуулахад ясны нягтшил бага мөн яс сийрэгжилтийн өндөр эрсдэлтэй хэмээн бичжээ [1].

Түүнчлэн BMC Public Health сэтгүүлд 2024 онд нийтэлсэн The association between different impact exercises and osteoporosis: an analysis of data from the Taiwan biobank эрдэм шинжилгээний өгүүлэлд спортын хэд хэдэн төрлийг ясанд үзүүлэх доргилтоор нь хоёр ангилж улмаар ясны сийрэгжилттэй холбосон судалгааны үр дүнг танилцуулжээ [2]. Энэхүү судалгаанд унадаг дугуйн спортыг бага доргилттой бүлэгт оруулсан байна. Улмаар тэдгээр хоёр бүлгийг хяналтын буюу дасгал хийдэггүй хүмүүстэй харьцуулжээ. Ингэхэд өндөр доргилттой спорт ясны сийрэгжилтийн эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг нь ажиглагдсан бол бага доргилттой дасгал ясны сийрэгжилтэд статистикийн хувьд ач холбогдолтой хамаарал үзүүлээгүй байна.

Мөн дээрх судалгаанд хүйсийн ялгааг тусгасан нь сонирхолтой байлаа. Тэнд дурдсанаар эрчүүд доргилттой дасгал хийснээр яс сийрэгжилтийн эрсдлийг мэдэгдэхүйц бууруулж чадах бол харин эмэгтэйчүүдэд энэ нь ясны сийрэгжилтийн эсрэг эерэг нөлөөтэй ч уг нөлөө нь статистикаар бүрэн батлагдаагүй ажээ.

Унадаг дугуйг яс сийрэгжихэд нэрмээс болдог гэж дүгнэсэн эдгээр судалгааны ажлуудад зөвхөн cycling буюу засмал замын унадаг дугуйн төрлийг авч үзсэн байгааг онцлон анхаарах хэрэгтэй. Ингээд цааш үргэлжлүүлэн ясанд доргилт өгөх ёстой уулын дугуйн төрлийг авч үзсэн өөр нэг судалгааны ажлын тайлан олоод уншиж танилцлаа. Гэхдээ тэрхүү судалгаанд зөвхөн эрэгтэйчүүдийг хамруулсаныг тэмдэглэх хэрэгтэй. Бас уулын дугуйн кросс-кантри төрлийг авч үзсэн байна. Ингээд тус судалгааны үр дүнг дор хураангуйлан танилцуулъя.

Bone сэтгүүлийн 2002 оны нэгэн дугаарт нийтлэгдсэн Bone mineral density of competitive male mountain and road cyclists [3] тайланд дурдсанаар уулын унадаг дугуй нь засмал замын унадаг дугуйн төрлөөс ясны эрдэсийн нягтын үзүүлэлтээр мэдэгдэхүйц өндөр гарчээ. Мөн тус судалгааны үр дүнг илүү бодитой болгохын тулд амьдралын идэвхтэй хэв маягтай эрчүүдийг хяналтын бүлгээр оруулжээ. Ингэсэн ч уулын дугуйн бүлэг нь засмал зам төдийгүй хяналтын бүлгээс ч ясны эрдэсийн нягтаараа мөн л мэдэгдэхүйц өндөр байгаа нь ажиглагджээ.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл эрчүүдийн хувьд ясны сийрэгжилтийн эрсдэлгүйгээр хичээллэж болох дугуйн спортын төрөл бол уулын дугуй юм.

Эх сурвалж

  1. Nichols, J.F., Palmer, J.E. & Levy, S.S. Low bone mineral density in highly trained male master cyclists. Osteoporos Int 14, 644–649 (2003). https://doi.org/10.1007/s00198-003-1418-z
  2. Wu, MC., Nfor, O.N., Ho, CC. et al. The association between different impact exercises and osteoporosis: an analysis of data from the Taiwan biobank. BMC Public Health 24, 1881 (2024). https://doi.org/10.1186/s12889-024-19403-y
  3. Warner SE, Shaw JM, Dalsky GP. Bone mineral density of competitive male mountain and road cyclists. Bone. 2002 Jan;30(1):281-6. doi: 10.1016/s8756-3282(01)00704-9. PMID: 11792598.