Эхлээд гинжит хүч дамжуулгын үр ашгийн талаар ганц баримт дурдъя. Унадаг дугуйн гинж нь энгийн атлаа гайхалтай үр ашигтай ажилладаг эд анги ажээ. Үр ашигт байдлыг нь мэдээж хүч дамжуулах үеийн энергийн алдагдал хэр бага байгаагаар тодорхойлно. Гинж нь түүний чанар, тосолгооны материал, орчны нөхцөл байдал гэх мэтээс хамааран 94-99% үр ашигтай байдаг [1]. Энэ нь хэрэв та дөрөөг 250 ватт чадал гарган жийж байгаа бол дугуйнд 235-247.5 ватт хүч очно гэсэн үг юм. Энэ 12 ваттын зөрүү нь гинжний чанар болон гинжийг хэрхэн цэвэрлэсэн, тосолсон зэргээс шалтгаална [1]. Бэлтгэлийн смарт суурийг апп-тай холбоод виртуал тэмцээнд оролцож байхдаа ажигласнаар 12 ваттын хүчний зөрүү нэн ялангуяа хүчээ дайчлан жийж буй үед маш их юм.
Дээрх 12 ваттын талаар бодохоор "ийм хүчний зөрүү хаашаа шингэж орох вэ" гэсэн асуулт аяндаа гарна. Шулуухан хариулбал тэрхүү чадлын зөрүү гинжний элэгдэл рүү л шингэж орно. Тэгвэл энэ нь тослоогүй гинжийг хэр хурдан элээх вэ?
Тосолгоогүйгээр хэрэглэвэл гинжийг 2500 км тутамд солих шаардлагатай бол тосолгоотой гинжний эдэлгээ 5000 км хүрдэг [4]. Ийнхүү гинжний эдэлгээнд тосолгоо их ач холбогдолтой учраас гинжний тос болон тосолгооны талаар мэдэх хэрэгтэй.
Нөгөө талаас тосны чанарын ялгааг авч үзье. Гинжний тосны тестийн нэгэн тайланд дурдсан тоо баримтад [2] үндэслэн хэлбэл зам дээрх бодит туршилтаар сайн ба муу гинжний тосыг гинжний элэгдлээр харьцуулахад тэдгээрийн хооронд 27 гаруй дахин их ялгаа байна. Би хувьдаа ийм олон дахин их ялгааг тус тайлангаас анх харахдаа огт гайхаагүй. Унадаг дугуйн талаар бараг мэдлэггүй байхдаа, гинжний тос л бол гинжний тос гэсэн ойлголттой байсан гэмээр үедээ худалдан авч хэрэглэж байсан тосны талаар одоо эргэн санавал дараах зүйлсийг хэлж болно.
Гэтэл сайн тос бол гинж дээр тогтохоосоо л өөр ба манай Улаанбаатар уулын дугуйн клубийн нэг аяллын ард өлхөн гарна. Хэрэв өдрийн аялал бүрийн дараа гинжээ цэвэрлэж, тосолдоггүй байсан сан бол хэдэн аяллын ард гарахыг бүү мэд. Аялал бүрийн дараа гинжээ цэвэрлэж, тосолдог [3] болохоор ийм "хайр гамгүй" ашиглалтын үр дүн ямар байхыг мэдэхгүй байна. Ямартаа ч олон хоногийн аяллын үеэр нэг тослоход хэд хоног явчихдаг ба гэхдээ метал хавирч чихрах дуу гартал явуулж болохгүй [3] учраас гинж тостой байсан ч хальт цэвэрлээд тосолдог. Хальт гэдэг нь хээрийн нөхцөл дэх цэвэрлэгээ учраас олигтой сайн болохгүй биз гэсэн төсөөллөөс үүдэлтэй. Бас сайн тос нагаартахдаа бага гэж болох ч яг үнэндээ "нойтон" эсвэл "хуурай" зориулалтаасаа шалтгаална.
Харин одоо ийнхүү Zero Friction Cycling гэдэг бие даасан шинжээчийн тайлангаас сайн ба муу тосны ялгаа нүдээр ажиглагдах энгийн ялгаагаар тогтохгүйгээр үл барам эцсийн гол шинж чанар болох гинжийг элэгдлээс хамгаалах чадвараараа ч олон дахин ялгаатай байдгийг тодорхой тоо баримттайгаар мэдлээ.
Нойтон ба хуурай тос гэж дээр бичсэнийг анзаарсан уу? Энэ бол гинжний тосыг түүний зориулалтаар ангилсан нэр томъёо юм. Гинжийг тухайн нөхцөлд зориулсан тосоор тослох нь түүний эдэлгээнд чухал ач холбогдолтой гэдгийг Zero Friction Cycling-гаас бодит туршилтын үр дүнд үндэслэн гаргасан тайлан дахь дүгнэлтээс харж болно [2].
Гинжний тосны хуурай ба нойтон гэсэн үндсэн төрлөөс гадна вакс буюу парафин суурьтай тос мөн сүүлийн үед гарсан керамик тос харьцангуй өргөн тархсан.
Нойтон тос буюу Wet lube гэдэг нь бороотой, гол ус туулах, шавар шавхай туучих зэргээр гинж норох нөхцөлд зориулсан ус чийгэнд тэсвэртэй, усанд угаагддаггүй, тогтоц сайтай тос юм. Мөн энэ тос гинжийг зэврэлтээс сайн хамгаалдаг.
Харин хуурай тос буюу dry lube бол нойтны яг эсрэг нь юм. Ямар ч ус чийггүй, бүр эсрэгээрээ тоос шороотой, элстэй нөхцөлд зориулсан. Ийм зориулалттай тул гинж бохиролгүй, цэвэрхэн байна. Харин усанд бараг л шууд угаагдаж арилна. Гэтэл нойтон тос усаар арилахгүй боловч эсрэгээрээ тоос шороо маш их наалдуулж, нил нагаар болдог.
Вакс буюу лав бол суурь бүтцээсээ эхлээд л онцлогтой. Тос бол металын хоёр гадаргууны хооронд урсаж ажилладаг байхад вакс бол гадаргуу дээр наалдаж тогтоод гулсамтгай гөлгөр гадаргуу үүсгэдэг. Гинжийг ваксдах нь чамгүй их ажилтай. Хуучны ваксын хувьд түүнийг халааж хайлуулсаны дараа гинжээ хийж хайлмал лавыг гинжний роликны завсар зай руу оруулдаг байсан бол сүүлийн үед ваксыг тусгай шингэн дотор уусгасан байдлаар үйлдвэрлэн гаргадаг болсон. Ийм ваксыг гинжний холбоос дээр дусаахад шингэнээрээ зөөгдөн роликны завсар зай руу ордог. Улмаар шингэн хатахад вакс үлдэж хоцорно. Шингэн хаттал хэдэн цаг болно. Чадвал хонуулбал бүр сайн гэдэг. Үүнээс гадна ваксдах гадаргуу цэв цэвэрхэн байхыг шаарддаг. Бохир бол вакс тогтохгүй л дээ. Вакс хэрэглэсэн хувийн туршлагаасаа дүгнэвэл үүнийг гэрт, бэлтгэлийн смарт суурь дээр байрлуулсан унадаг дугуйн гинжинд хэрэглэвэл зохимжтой юм билээ. Учир нь тоос шороо татахгүй, маш цэвэрхэн буюу бараг нагаартахгүйд оршино. Харин хээр гадаа бол ус үзээд л шууд алга болох ба дахин түрхэхийн тулд гинжээ хуу цэвэрлэсэн байх гэдэг шаардлагыг хээрийн нөхцөлд хангана гэдэг бол ёстой худлаа. Бас хэрвээ вакс уусгагч нь хэт шингэн бол гинжээ ваксдах биш зүгээр газар асгаад дуусгана. Тэгж асгахгүйн тулд "тухтай үзэлцэх" хэрэгтэй болно оо. Бас хээрийн нөхцөлд хаттал нь хүлээх илүүдээ гарсан цаг огт байхгүй. Ингээд л вакс тосныхоо үлдэгдлийг смарт сууринд "хадсан" дугуйныхаа гинжинд хэрэглэж байх шив дээ.

Дээрх гурваас гадна сүүлийн үед керамик тос гэж гарсан. Дотроо хуурай ба нойтон гэсэн төрөлтэй байх юм билээ. Зориулалтын дагуух үзүүлэлтүүдээрээ ижил төрлийн ердийн тосноос илүү гэлцэх юм билээ. Би хувьдаа одоогоор хэрэглэж үзээгүй л байна. Хангалттай хугацаанд хэрэглэж үзсэнийхээ дараа энд туршлагаасаа хуваалцаж бичнэ ээ.
Бас эдгээрээс өөр төрлийн тос ч бий. Жишээлбэл би саяхнаас цэвэрлэгээ ба тосолгоог нэгтгэсэн холимог найрлагатай тосыг зарим дугуйндаа хэрэглэж эхэлсэн ба үнэхээр л тайлбар дээрээ бичсэнчлэн нагаарыг уусгаад гаргаад ирэх юм билээ. Тэрхүү уусаж гарч ирсэн бохирдлыг нь арчихад гинжний холхивчны завсарт тос нь үлдэнэ. Тус тосны зориулалт нь хуурай ба нойтон хоёр нөхцөлийн завсар дунд байсан. Энэ мэтчилэн орчин үед янз бүрийн тос гарсаар байна.
Аль төрлийн тос сонгож хэрэглэх вэ гэдэг асуултад тухайн нөхцөл байдлаас шалгаалж сонгоно гэж хариулбал зохих нь Zero Friction Cycling-гаас гаргасан судалгааны тайлангаас харагддаг. Гэхдээ л жишээлбэл манай Улаанбаатар уулын дугуйн клубийн аяллын замын нөхцөл байдлыг урьдаас яаж бүрэн таах билээ дээ. Заримдаа бороо, цас тааралдана. Бороо цасгүй байлаа ч ядаж л шавар шавхай дайрах явдал түгээмэл. Яг үнэндээ тэр бүрчлэн гинжээ тослоод суухгүй тул нойтон тосоор тосолчихсон нь шулуухан байдаг ба гагцхүү нагаар, бохирдлыг нь л аялал бүрийн дараа цэвэрлэх ажил гардаг.
Тосолж яах юм. Зүгээр явж л байг. Ингэж бодож байвал та тосгүй гинжний чихрах чимээг тэвчих хэрэгтэй болно. Ний нуугүй хэлбэл ийм чимээг цөөнгүй олон дугуйчин тэвчдэг нь УБ-ын гудамжинд тааралдах дугуйчдын унадаг дугуйнаас гарах чимээнээс андашгүй.
Харин тосолно гэвэл зөв биш юм аа гэхэд буруу биш тослох хэрэгтэй болов уу. Гэж хэлэхийн учир нь гинж тослохын өмнө заавал цэвэрлэх бас зарим тосыг хэдэн цаг хатаах ёстойд оршино. Миний хувийн дүгнэлтээр гинжээ тайлж аваад тос, бохирдол уусгагч шингэнд хийгээд сойздож, зайлж угаахад зарцуулах нэг удаагийн цаг хугацаа болон ийм арчилгааны давтамжийг тосолгоотой ба тосолгоогүй гинжний насжилтын ялгааны зүгээс авч үзвэл тэгтлээ их ажил удах хэрэггүй юм. Харин төсөр атлаа боломжийн үр дүнтэй цэвэрлэгээ бол чийгтэй илгэн алчуураар арчих явдал юм. Гинжийг хэсэг хэсгээр нь нааш цааш хэдэн хэдэн удаа гүйлгэж арчихад тун давгүй цэвэрлэгддэг. Үүн дээр нэмээд цэвэрлэгээ ба тосолгоо хослуулсан өнөөх тосоо дусаагаад ахиад хэд арчихад алчуур үл хүрэх хэсгийн бохирдол ч арилдаг. Ийм цэвэрлэгээний зориулалттай тосыг гинжний холбоос дээр дусаасны дараа хүрдээ хэдэнтээ сул эргүүлж, гинжний ролик руу тос нэвчилтийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр бохирдлыг сайтар гадагшлуулж чаддаг.
Гинжийг цэвэрлэсний дараа тосолно. Вакс бол гинжийг төгс цэвэрлэхийг шаардана. Гинжийг тослохдоо холбоос бүр дээр нэг дусал тос дусаана. Ихдүүлэх бас зарим холбоосыг тосгүй үлдээхгүйн тулд гинжний залгаас дээрээс тосолгоог эхлүүлнэ. Харин зарим хүмүүсийнх шиг хүрдээ эргүүлж байгаад тос асгахыг тосолгоо гэхгүй шүү.
Гинжийг тосолсоны дараа тосны онцлогоос хамааран хэсэг хугацаанд байлгаж нэвчүүлэх, хатаах зэрэг арга хэмжээ авна. Энэ нь нэн ялангуяа вакс, керамик болон миний дээр дурдсан цэвэрлэгээ ба тосолгоог хослуулсан тосны хувьд нэн чухал юм.
Тосыг нэвчүүлэх ба хатаах процессын дараа тосны илүүдлийг заавал арчиж авна. Тэгэхгүй бол гинж их нагаартаж бараг тосгүйгээсээ ч дордож болно. Гинжний нагаар бол тостой холилдсон тоос, шороо, төмрийн бал болон бусад элдэв бохирдол юм. Энэ нь гинжийг элээгч нэг хүчин зүйл болдог бөгөөд зүлгүүрийн зуурмаг гэлцдэг [3].
Эцэст нь зарим нэмэлт зөвлөмж өгье.
Эх сурвалж