Улаанбаатар уулын дугуйн клуб

Хувцасны үнэр ба ариутгал

Г.Махгал

Дугуй унахад хөлрөхгүй байна гэж үгүй бөгөөд хөлсөнд норсон хувцаснаас аажимдаа үнэр гарч эхэлдэг. Угаасан ч нэмэргүй байдаг. Ингээд унадаг дугуйчдын гол асуудлуудын нэг болох хувцасны үнэр ба ариутгал гэсэн сэдвийг хөндлөө.

Тамирчдын өмсгөлийн үнэрийн талаарх шинжлэх ухаанч судалгаа ч цөөнгүй хийгдсэн байх ажээ. Тэдгээрээс тухайлан Крис Каллеварт болон түүний багийнхны Applied and environmental microbiology эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн Microbial odor profile of polyester and cotton clothes after a fitness session [1] өгүүллийг авч үзлээ.

Хөлс болон хувцаснаас ханхлах үнэрийн талаарх сонирхолтой баримтууд

Дээр дурдсан өгүүллээс хөлс болон хувцаснаас гарах үнэрийн талаарх, уншигчдад сонирхолтой байж болох хэдэн баримтыг дор жагсаалаа.

Хөлс өөрөө үнэргүй

Бид хөлсөө үнэртэй гэж боддог ч үнэндээ биеэс гарч буй шинэ хөлс ямар ч үнэргүй байдаг. Үнэр нь бактер хөлсөн дэх урт гинжин хэлхээт молекулуудыг задалж, дэгдэмхий жижиг молекул болгон хувиргах үед л үүсдэг.

Нийлэг материал бол бактерийн тансаг оромж

Судалгаагаар нийлэг материал дээр Micrococcus төрлийн бактер маш ихээр үрждэг болохыг тогтоожээ. Энэ төрлийн бактер нь хөвөн даавуун материал дээр бараг үрждэггүй. Хамгийн сонирхолтой нь, энэ бактер нь хөлсний молекулыг задалж, маш эвгүй үнэр ялгаруулахдаа "мэргэшсэн" байдаг.

Даавуун хувцас "цэвэрхэн" байдаггүй ч тэгтлээ их үнэртдэггүй

Хөвөн даавуун материал дээр маш олон төрлийн бактер (жишээ нь, Staphylococci) үрждэг боловч тэдгээр нь нийлэг материал дээрх бактер шиг хүчтэй эвгүй үнэр ялгаруулдаггүй. Өөрөөр хэлбэл, даавуун хувцас бактер ихтэй байсан ч үнэр нь харьцангуй гайгүй байдгийн нууц нь энэ юм.

"Oleophilic" буюу тосонд дуртай чанар

Нийлэг материал нь усыг түлхдэг ба энэ шинж нь түүний хурдан хатдагийн нууц юм. Тийнхүү хөлс хурдан хатсан ч хөлсөн дэх тос нь нийлэг материал дээр үлдэж хоцордог. Хөлсөн дэх тослог бодисууд нийлэг хувцасны утасны ширхэг бүрийн завсарт маш гүн шингэдэг тул ердийн угаалгаар арилдаггүй. Ийнхүү бактерийн "хоол" хуримтлагддаг.

Угаалгаар бүх бактер устахгүй

Хувцасыг угаах нь бактерийн тоог цөөлөхөөс биш бүрмөсөн устгаж чаддаггүй. Ялангуяа нийлэг материал дээрх бактер нь угаалгын дараа ч амьд үлдэх магадлал өндөр бөгөөд дараагийн удаа хөлрөхөд үнэр маш хурдан (хэдхэн минутын дотор) гардаг байна.

Үнэрчдийн баг

Тус судалгааны дээжийг 28 хүнийг спиннинг хийлгэсний дараа тэдний өмссөн хувцасны хэсгийг тасдаж аваад 28 цагийн турш инкубаторт байлган бэлдсэн. Үүний дараа 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн "үнэрчдийн баг" тэдгээр даавууг үнэрлэж, үнэрийн эрч хүч, төрлийг үнэлсэн байна. Үр дүнд нь нийлэг хувцас хамаагүй илүү эвгүй, хурц үнэртэй гэж үнэлэгджээ.

Спортын хувцасны "жинхэнэ царай"

Спортын зориулалттай нийлэг хувцас нь чийгийг биеэс хурдан зайлуулж, хатдаг давуу талтай ч, бактерийн үржил болон үнэр ялгаруулалтын хувьд хамгийн муу сонголт болдог байна.

Ариутгал

Үнэрээс ангижрахын тулд мөнөөх бактерыг устгах бас түүний хоол болох тосыг хувцаснаас зайлуулах хэрэгтэй. Эдгээр нь 30-40 хэмийн температур дахь ердийн угаалгаар хэрэгжихгүй тул өөр арга шаардлагатай. Мөн энд гэр ахуйн угаалгын машинаар хийлгэх ердийн угаалга нь өнөөх үнэр ялгаруулагч бактер хамт угаасан бусад хувцсанд дамжих зам болдгийг [2] анхаараарай.

Өндөр температур дахь угаалга

60 хэмийн температур дахь угаалга гэж яригдаад байдаг нь үндэслэлтэй болохыг нотолсон судалгааны ажил байдаг ажээ [3]. Тэнд дүгнэснээр угаалгын хэмийг 70 градусаас 60 градус хүртэл бууруулахад үр дүнд нь мэдэгдэхүйц ялгаа гарахгүй. Гэхдээ нийлэг материалын хувьд ийм өндөр температурт угаах заалт байхгүй тул ариутгалын өөр арга хэрэгтэй.

Цайруулагч хэрэглэсэн, бага температур дахь угаалга

Угаалгыг олон талаас нь нарийвчлан авч үзсэн эрдэм шинжилгээний нэгэн өгүүлэлд [4] дурдсанаар идэвхжүүлсэн хүчилтөрөгчийн (хлоргүй) цайруулагчийг 40 хэмээс бага температуртай хүйтэн усаар угаахад хэрэглэх нь бактери, вирусыг бүрэн устгахгүй байж болох хэдий ч мэдэгдэхүйц цөөрүүлнэ.

Цагаан цууны ариутгах чадвар

Ариутгалын өндөр чадвартай цагаан цууг [5] угаалганд ашиглах нь зөвхөн хувцсанд үүрлэсэн, үнэр үүсгэгч бактерыг бууруулах [6,8] төдийгүй хувцсыг зөөлрүүлэх, толбо арилгах зэрэг бусад олон талын үр ашигтай [6]. Янз бүрийн эх сурвалж дахь зөвлөмжид багадаа хагас ихдээ бүтэн аяга цагаан цууг угаалгад ашиглана гэж бичсэн байна [6,8]. Хагас аяга гэдэг нь 118 миллилитр (мл) болно. Мөн ахуйн хэрэглээний зориулалттай цагаан цуу нь 5 хувийн концентрац бүхий цууны хүчил (\(\text{CH}_3\text{COOH}\)) агуулна [7]. Мөн цагаан цууны хэдэн төрөл байдгаас хамгийн үр дүнтэй нь нэрмэл цагаан цуу юм [8].

Нөгөө талаас цагаан цуу аюулгүй юу гэсэн асуулт гарна. Цагаан цуу нь нийлэг болон хөвөн даавуун материалд хор учруулахгүй [8]. Гэвч цагаан цуу нь резинд сөрөг нөлөөтэй [8] тул бие барьдаг, сунамтгай материалтай хувцасны ариутгалд ашиглаж болохгүй юм байна.

Энд маш тодорхойгүй нэг зүйл буй нь нэг аяга цагаан цууг хэчнээн литр усанд хийх вэ гэдэг асуултын хариулт юм. Цагаан цууг угаалга, ариултгалд хэрхэн ашиглах тухай өчнөөн бичвэр байвч тэдгээрт уусмалын концентрацыг тов тодорхой заагаагүй нь шоглоом мэт. Угаалгын машины багтаамжаар баримжаалбал усны хэмжээг 50 литр гэж тооцсон байх магадлалтай. Үнэр их бол хувцсаа хэдэн цаг дэвтээнэ [8].

Мөн цагаан цууны уусмалын концентрац хэтэрвэл хувцасны даавуу болон угаалгын машины эд ангид сөрөг нөлөөтэй ба цагаан цууг цайруулагчтай хамт хэрэглэж болохгүй [8].

Наранд хатаах

Намайг бага байхад айлууд тагт дээрээ хэц татаж угаасан хувцас болон цагаан хэрэглэл зэргийг наранд хатаадаг байсан. Харин сүүлийн үед ийм хатаалга нүдний гэм болжээ. Уг нь нарны хэт ягаан туяа маш үр дүнтэй ариутгагч юм. Хэдийгээр нарны туяанд хувцас гандаж, өгөршдөг хэдий боловч нийлэг хувцасны хувьд цайруулагч ба цагаан цуунаас төдийлэн аюулгүй арга болов уу. Ерөөсөө нарнаас арьсаа хамгаалахаар өмсдөг хувцсыг нарнаас хамгаална гэх нь утгагүй биз. Түүнчлэн хээр гадаа унадаг дугуйтай олон хоногийн аяллаар яваа үед энэ арга хамгийн тохиромжтой байдаг. Памперстэй шорт, жерси, оймс зэргийг угаачихаад ачааны цүнх дээрээ унахааргүй даруулаад явчихдаг ба тэр дороо л хатчихдаг. Миний хувийн туршлагаар хээрийн нөхцөлд ингэж хатааж өмсөөд явсан хувцаснаас ямар ч үнэр гараагүй юм. Нарны гэрэл ямар ч үнэгүй атлаа үнэхээр үр дүнтэй арга болохыг өөр эх сурвалж ч нотолно [9].

Эх сурвалж

  1. Callewaert, C., De Maeseneire, E., Kerckhof, F. M., Verliefde, A., Van de Wiele, T., & Boon, N. (2014). Microbial odor profile of polyester and cotton clothes after a fitness session. Applied and environmental microbiology, 80(21), 6611–6619. https://doi.org/10.1128/AEM.01422-14
  2. Callewaert C, Van Nevel S, Kerckhof F-M, Granitsiotis MS and Boon N (2015) Bacterial Exchange in Household Washing Machines. Front. Microbiol. 6:1381. doi: 10.3389/fmicb.2015.01381
  3. Tano, E., & Melhus, A. (2014). Level of decontamination after washing textiles at 60°C or 70°C followed by tumble drying. Infection ecology & epidemiology, 4, 24314. https://doi.org/10.3402/iee.v4.24314
  4. Abney, S. E., Ijaz, M. K., McKinney, J., & Gerba, C. P. (2021). Laundry Hygiene and Odor Control: State of the Science. Applied and environmental microbiology, 87(14), e0300220. https://doi.org/10.1128/AEM.03002-20
  5. Azhdarpoor, Abooalfazl. (2024). Evaluating the antimicrobial properties of natural and combined disinfectants (based on vinegar and rose water) against surface bacteria. Journal of Clinical Images and Medical Case Reports. 5. 10.52768/2766-7820/2857
  6. Healthline. (2023, January 23). Vinegar in laundry: Benefits, how-to, and more. https://www.healthline.com/health/vinegar-in-laundry
  7. Virginia Department of Health. (n.d.). Acetic acid. https://www.vdh.virginia.gov/environmental-health/public-health-toxicology/acetic-acid/
  8. Branch Basics. (2023, July 24). How to use vinegar for laundry: A complete guide. https://branchbasics.com/blogs/cleaning/how-to-use-vinegar-for-laundry-complete-guide
  9. Branch Basics. (2021, July 30). How to deodorize clothes: A complete guide. https://branchbasics.com/blogs/cleaning/how-to-deodorize-clothes