Улаанбаатар уулын дугуйн клуб

Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо каск буюу хамгаалалтын дуулга өмсөх нь ослыг дууддаг

Г.Махгал

Миний таньдаг дугуйчдын хүрээлэл дунд ажиглагддаг, тэднийг цухалдуулдаг нэг явдал бол жолооч нар авто зам дээр унадаг дугуйчдыг гүйцэж түрүүлэхдээ хэт ойрхон өнгөрөх юм. Үүнтэй холбогдуулан надад хааяа ингэж бодогддог л доо: Дөнгөж дугуй унаж сурч байгаа мэт жолоогоо савчуулж тэнцэж ядан аваа дүр үзүүлбэл арай холуур тойрч гарах байх даа. Бас ингэж ч бодогддог: Унадаг дугуйчныг нохойноос дор үзэх юм даа. Надаас өөр дугуйчид ч ингэж боддог л байлгүй. Гэтэл яг энэ бодолтой нэг утгатай "Drivers See You As Less Human" гэсэн гарчиг бүхий видеог YouTube санал болголоо. Судалгааны тоо баримтад үндсэлсэн тун чамбай видео байв. Ингээд чухал сэдэв учраас тус видео дээр дурдсан тоо баримт, дүгнэлт болон манай орон дахь өөрийн ажиглалт зэрэгт үндэслэн энэхүү нийтлэлийг бичлээ.

Замын цагдаагийн газар болон эрүүл мэндийн байгууллага унадаг дугуйчдыг каск буюу хамгаалалтын дуулга, тод харагдах өнгөтэй хувцас өмсөж гэрэл ойлгогч зүүхийг зөвлөдөг шүү дээ. Харин тус видеонд тэдгээр аюулгүй байдлын хэрэгсэл нь ослын эрсдэлээс сэргийлэх байтугай жолооч нарын нүдэнд дугуйчдыг хүн биш үзэгдүүлддэг байж магадгүй гэж гарч байна. Дугуйчид бид аюулгүй байдлын хэрэгслийг хэрэглэх тусам жолооны ард байгаа хүмүүст төдий чинээ "хүн" харагддаггүй гэнэ. 2023 онд Австралид хийсэн судалгаагаар жолооч нар хоёр дугуйтнуудыг хэр зэрэг гадуурхдагийг авч үзсэн байна. Судлаачид 563 оролцогчоос дугуйчдын зургийг хэр "хүн" харагдаж байгаагаар нь 0-100 оноогоор үнэлэхийг хүссэн. Үр дүн нь ямар гарсан гэж бодож байна вэ? Дугуйчдын "хүн" гэж харагдах байдлыг бүр 0 оноогоор үнэлсэн тохиолдол гарсанаар үл барам тэдгээр нь нийт оролцогчдын 3% байсан гээд бод доо. Унадаг дугуйчдыг мөрөөрөө дугуйгаа унаад замаар явж байхад харааж зүхээд, шахаж унагаах гээд байдаг жолооч нар байсхийгээд тохиолддог нь ёстой яахын ч аргагүй ажээ. Бас мөнөөх судалгаанд аюулгүй байдлын хувцас тус ойлголтод хэрхэн нөлөөлж буйг тусгайлан шинжилжээ. Гэтэл каск өмссөн хүнийг "хүн шинж багатай" гэж тодорхойлсон байна. Бүр гайхалтай нь, тод харагдах хантааз бүр ч долоон дор байжээ. Судлаачид цааш бүр нухацтай ажилласан байна. Каскны тухайд сая танилцуулсан үр дүнг зүгээр л нүүрээ халхалсанаас шалтгаалсан эсэхийг тодорхойлохын тулд каскийг ердийн саравчтай малгайтай харьцуулсан. Саравчтай малгай нь толгойн ижил хэсгийг халхалдаг ч хүн бус байдлын хэмжүүр дээр нөлөө үзүүлэхгүй байжээ. Энэ нь аюулгүй байдлын хэрэгсэл өөрөө буюу дугуйчид бидний ганц гоёл болох каск л энэ гажуудлын шалтгаан гэдгийг харуулж байна. Тэгэхээр унадаг дугуйн дээр саравчтай малгайтай жирийлгэгчдийн зөв байна. За за, энэ бол наргиа байлаа. Каскаа өмсөөрэй. Зохисон гоё каск өмсөхөөр күүл харагддаг шүү. Тэгээд ч осолдоход тархины гэмтэх магадлалыг хэдэн хувиар бууруулдаг гэдэг билээ дээ?

Мөн өөр нэг сонирхолтой туршилтын үр дүнг дурдсан нь хүйсийн нөлөө юм. Их Британийн нэгэн судлаач жолооч нарт түүнийг ар талаас нь эмэгтэй хүн гэж харагдуулахын тулд урт хиймэл үс зүүжээ. Ингэснээр түүнийг гүйцэж түрүүлэх жолооч нар хажуугаар нь өнгөрөхдөө дунджаар таван инч буюу 12 см илүү зайтай байгааг тогтоожээ. 60 мянган гүйцэж түрүүлэлтийг хамарсан томоохон ажиглалтын судалгаагаар хүйсийн талаар үүнтэй зөрчилтэй үр дүн гарсан боловч "хиймэл үс" туршилт нь "техникийн" хүчин зүйлээс илүү "хүний" хүчин зүйл нь жолоочийн зан төлөвийг үндсээр нь өөрчилж болохыг онцолж байна гэж дүгнэжээ. Яг тийм үү? Манай жолооч нар эмэгтэй дугуйчдад хэр хүнлэг ханддаг вэ, дугуйчин бүсгүйчүүд ээ?

За одоо дээр бичсэн "Дөнгөж дугуй унаж сурч байгаа мэт жолоогоо савчуулж тэнцэж ядан аваа дүр үзүүлэх" тухай хэлэлцье л дээ. Ийм бодол надад хар зөнгөөрөө л төрдөг юм. Таны толгойд ч бас иймэрхүү бодол орж ирж байсан уу? Үүний цаана дөнгөж сурч байгаа дугуйчнаас болгоомжлон холуур зөрөх бол сайн дугуйчнаас болгоомжлохгүй гэсэн энгийн санаа бий. Нөгөөх видеонд үүнтэй холбож болох мэдээ баримт дурдагдсан. Флорида мужийн Тээврийн газрын ажиглалтын судалгаа болон Их Британийн сэтгэл судлаач Иан Уокерын хяналттай туршилт гэсэн хоёр томоохон судалгаагаар унадаг дугуйчид "мэргэжлийн" харагдах нь үнэндээ илүү аюултай харилцаанд хүргэж болзошгүй гэж харагджээ. 2011 онд Флорида мужийн судлаачид арван хотод 2185 жолоочийг бүртгэжээ. Түүхий өгөгдөл нь анх иж бүрэн дугуйн хувцастай дугуйчдыг ердийн гадуур хувцастай дугуйчдаас ойролцоогоор дөрвөн инч буюу арваад см-ээр гүйцэж түрүүлэх үеийн зайг ойртуулсан гэж харуулжээ. Гэсэн хэдий ч нарийвчилсан шинжилгээгээр судлаачид эгнээний өргөн, тээврийн хэрэгслийн төрөл, замын хөдөлгөөний нягтрал зэрэг хувьсагчдыг тооцсоны дараа энэхүү дөрвөн инч буюу арваад см-ийн зай статистикийн ач холбогдлоо хадгалж чадаагүйг онцлон тэмдэглэжээ. Ийнхүү "хувцасны нөлөө" нь эцэстээ дэд бүтцийн нөлөөнд шингэсэн боловч судлаачдын чанарын ажиглалт нь хэвээр байсан ба тэд жолооч нар "мэргэжлийн" харагдах дугуйчныг гүйцэж түрүүлэхдээ эрсдэл бага мэдэрдэг гэсэн онол дэвшүүлсэн. Үүнтэй адил зайг хэмжихэд хэт авианы мэдрэгч ашиглан явуулсан хяналттай туршилтаар Иан Уокер жолооч нар түүнийг толгой нүцгэн байхтай нь харьцуулахад хамгаалалтын дуулга өмссөн үед нь гурван инч буюу 8 см шахуу ойртож буйг тогтоожээ. Яг үнэндээ унадаг дугуй нэлээд унадаг буюу харьцангуй "мэргэжлийн" дугуйчид каск худалдан авч өмсдөг шүү дээ. Тэгэхээр жолооч нар каск цаашилбал унадаг дугуйн хувцас өмссөн буюу "чадварлаг" гэж харагдах дугуйчинг гүйцэхдээ хажуугаар нь илүү ойрхон өнгөрч гардаг бололтой. Үүнийг сонссон чинь автозамаар огт явж баймааргүй санагдчихлаа. Энэ дашрамд манай Улаанбаатар уулын дугуйн клуб засмал зам бус харин шороон зам, даваа голчилсон аялал зохиодгийг онцолъё. Ерөөсөө манай үндсэн зорилго бол байгальд аялах бөгөөд байгалийн саад бартааг мэдээж уулын дугуйгаар л давж туулна. Иймээс манай клубээс зохиодог арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсоноор кросс-каунтри төрлийн уулын дугуйн дажгүй бэлтгэл сургуулилттай болно доо. Өөрөөр хэлбэл энд хөндөгдөөд буй эрсдэлээс харьцангуй хол байна.

Нэгэнт тод харагдах хувцас нь хажуугаар гүйцэж түрүүлэх жолооч нарын өнгөрч гарах үеийн зайд ямар ч нэмэргүй юм бол өөр ямар хүчин зүйл нөлөөтэй байж болох вэ гэсэн асуулт гарна. Видеонд энэ талын нэгэн туршилтын үр дүнг танилцуулжээ. Иан Уокер долоон өөр янзын хантааз туршиж үзсэний эцэст эелдэг гуйлт зэрэг нь сул нөлөөтэй бол харин эсрэгээрээ "Policewitness.com: Move Over Camera Cyclist" гэсэн анхааруулга хамгийн их нөлөөтэйг тогтоосон байна. Манай улсад ч үүн шиг туршилт явуулбал яг адил үр дүн гарна даа. Жишээлбэл хурд хязгаарласан тэмдгийг үл хэрэгсдэг атлаа хурд хэмжиж буй цагдаа дүрсэлсэн самбар харуутаа гөлөлздөг гэлцдэг биз дээ?

Түүнчлэн тус видеонд хоёр дугаар эгнээ, эсрэг урсгал зэрэг хүчин зүйлээс болж мөнөөх зай хэр зэрэг буурдаг талаар дурдсан байсан. Эсрэг урсгал гэснээс манай монголчууд хот хоорондын хоёр эгнээтэй замд эсрэг урсгалаас машин байсан ч хажуугаар чихээд л ороод ирдэг ба харин энэ нь шөнөдөө л үгүй болдог. Үүнийг би өөрийн биеэр Эрдэнэт - Хөтөл чиглэлийн нарийхан замаар жийн туршиж үзсэний хувьд батлан хэлнэ. Гэгээтэй үед нарийн замд чихээд орж ирж байсан бол харуй бүрий болоход хойноос тулж ирэхдээ хурдаа хасаж эсрэг урсгалын машиныг өнгөрөөсний дараа хурдаа нэмэн гүйцэж түрүүлцгээж байсан. Бас эсрэг урсгалаар яваа жолооч нар нэг нэгнээ гүйцэж түрүүлэхдээ өөдөөс нь ирж яваа унадаг дугуйчдыг юм чинээ тооцолгүй сөрөөд ороод ирдэг явдлыг энд дурдмаар байна. Гүйцэж түрүүлэхээр хурд нэмсэний улмаас үүсэх агаарын хүчтэй урсгал ба хоёр эгнээтэй замд гурвуулаа чихцэлдэх хоёрыг нэмбэл үр дүнд нь юу болох вэ?

Эцэст нь унадаг дугуйчны зүгээс унадаг дугуйчиддаа хандан дүгнэж хэлбэл эрсдэлийг холдуулахад дорвитой нэмэргүй ч каск болон бусад хувцас хэрэглэлээ гүйцэд өмсөөд хамгийн гол нь бид өөрсдөө л анхаарал болгоомжтойгоор замын хөдөлгөөнд оролцох буюу жолооч нарт найдах байтугай тэднээс хүнлэг зан чанар хүлээвэл ерөнхийдөө найдваргүй юм байна шүү. Дээр дурдагдсан 3% нь статистикийн алдааны хязгаарын түгээмэл утгуудын нэг болох 1%-аас их байгаа нь биднийг хүн гэж үзэхгүй жолооч таарахгүй гэх статистик үндэслэлгүйг илтгэнэ.