Улаанбаатар уулын дугуйн клуб
Тэмцээний өмнө сүү ууж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ?
"Тэмцээний өмнө сүү ууж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ?" гэж асуумаар санагдаад ер болдоггүй ээ. Ингэж асуух бодит шалтгаан бий. Энэ зун юм даг. Сүүлийн жил гаруй хугацаанд гүйлтээр хичээллэж буй манай эхнэр нэгэн тэмцээний өмнөх өдрийн орой "Би сүү уухгүй ээ" гэж хэлэн миний гайхшийг барав аа. Эхнэр хүн гэгч нөхрийн үгэнд бус бусдын дэл сул үгэнд итгэх нь жам шүү дээ. Иймээс өөрийн үгээ батлахын тулд нотолгоо хайн ганц хоёр эрдэм шинжилгээний өгүүлэл харж байсан юм. Ингээд уншигч таны мэдлэгт ач холбогдолтой хэмээн үүнийг бяцхан бичвэр болгон эмхэтгэсэн маань энэ.
Дасгалын гүйцэтгэл дэх сүүний нөлөөний талаарх судалгаа хомс хэдий ч энэ чиглэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдэд үнээний сүү нь дасгалын гүйцэтгэл болон булчингийн нөхөн сэргэлтэд мэдэгдэхүйц эерэг нөлөөтэйг зарим судалгаагаар тогтоосон бол бусад судалгаануудад тодорхой нөлөө ажиглагдаагүй байна [1]. Тэдгээрээс онцолбол 20 км-ийн зайд дугуй унахаас 2 цагийн өмнө үнээний сүү уух нь сорилтын гүйцэтгэлийг (p<0.05) мэдэгдэхүйц сайжруулсан гэсэн судалгааны үр дүнг дурдаж болох юм. Цаашилбал сүү нь үүн шиг эерэг нөлөө үзүүлэхгүй байлаа гэхэд сөрөг нөлөө үзүүлсэн тухай судалгааны ажил үгүй байна [1, 2].
Мөн шоколадтай сүүг тусгайлан авч үзсэн нэгэн тойм судалгаа олсоноо сонирхон уншвал шоколадтай сүү нь булчингийн сэргэлтийг дэмждэг бусад ундаатай харьцуулахад ижил юм уу илүү сайн үр дүн үзүүлдэг гэжээ [2].
Ийнхүү сүүг дасгалын гүйцэтгэл болон булчингийн сэргэлтэд сөрөг нөлөөтэй гэх нь байтугай зарим тохиолдолд эерэг нөлөөтэй болохыг нотолсон байгаа тул сүүг санаа зоволтгүй хэрэглэж болно.
Дээр бичсэнчлэн манай эхнэрт сүү дэмий гэж хэлсэн этгээд нь сүүний хүчил буюу лактатын талаар хальт сонссоноо ийнхүү "мэдэмхийрсэн" юм болов уу? Ярианаас нь ийм сэжиг төрсөн. Лактатын талаар буюу булчин хэрхэн энерги үүсгэж ажилладаг, хүчилтөрөгчтэй ба хүчилтөрөгчгүй энергийн процессын талаар өгүүлбэл бас нэг тусдаа бичвэр болох тул энэхүү бичвэрээ сүү нь дасгалын гүйцэтгэлд нөлөөтэй юу гэдгээр хязгаарлая.
Харин сүүний нэг таагүй тал нь үүнийг зарим хүний ходоод гэдэс шингээж чаддаггүй явдал бололтой. Гэхдээ шингээж чадахгүй байлаа гээд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж ойлгосон, энэ талаар уншиж судалсаны эцэст. Юу уншсан, тэнд юу гэж бичсэн талаар нуршиж байхаар танд өөрийн багадаа сонсож өссөн "гэдсэндээ өнгөргүй" гэдэг үгийг хэлье. Гэхдээ сүү боловсруулдаг гэдэсний бактерийн тархацын талаар бичсэн судалгааны ажил байдгийг харин дурдчихъя. Өөрийн дурсамжаасаа цааш үргэлжлүүлэн бичвэл намайг бага байхад сүү тарагнаас хол байсан хамаатны хүүхдүүд эхний хэд хоногт гэдэс нь хямарч байснаа төд удалгүй хэвийн болчихдог байсныг санадаг юм. Бүр хөдөө биш ч хотын зусланд бага насныхаа зуны хэдэн сарыг өнгөрөөдөг байсан болохоор сүүний энэ "асуудлыг" ёстой хангалттай мэдэрч, харж, сонсож байлаа. Харин та "сүү ийм тийм" гэж маяглаад уухгүй байсаар байвал "ийм тийм" хэвээрээ л насыг барна даа. Хэрэв манай эмээ байсан бол яг ингэж ширүүхэн хэлээд ширэв татах байсан нь өөрийн эрхгүй төсөөлөгдчихлөө.
Эх сурвалж
- Alcantara, J.M.A., Sanchez-Delgado, G., Martinez-Tellez, B. et al. Impact of cow’s milk intake on exercise performance and recovery of muscle function: a systematic review. J Int Soc Sports Nutr 16, 22 (2019). https://doi.org/10.1186/s12970-019-0288-5
- Amiri, M., Ghiasvand, R., Kaviani, M. et al. Chocolate milk for recovery from exercise: a systematic review and meta-analysis of controlled clinical trials. Eur J Clin Nutr 73, 835–849 (2019). https://doi.org/10.1038/s41430-018-0187-x