Ерөнхийдөө дугуй унахыг зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэг нөлөөтэй гэдэг ч үүнийг бид клубийнхээ онцлогийн зүгээс буюу харьцангуйгаар дугуй жийдэг хүмүүс дээр нарийвчлан хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд үндэслэн авч үзнэ. Ингээд тодорхой доод хэмжээнээс илүү хэмжээгээр дугуй унасан тохиолдолд зүрх судасны эрхтэн системийн эрүүл мэндэд нэмэлт үр ашиг гарах эсэхийг судалсан ажлын тайлантай танилцана [1]. Сэдвийг бүр тодорхой болгох үүднээс клубийн онцлогийг дэлгэрэнгүй танилцуулбал зүйтэй. Клубийн аяллын үндсэн төрөл болох өдрийн аялллыг шороон зам зонхилсон, уулын даваа бүхий, аль болох урт маршрутаар зохиодог нь манай үндсэн онцлог юм. Түүнчлэн жил бүр зохиодог УБ 240/24 ультра жийлт болон Долоон давааны сорилго зэргийг ч дурдаж болно. Өөрөөр хэлбэл манай клуб жирийн байдлаар дугуй унадаг хүнийхээс илүү ачаалалтай жийлтийг тогтмол давтамжтайгаар зохион явуулдаг бөгөөд энэ нь зүрх судасны эрүүл мэндэд улам ашигтай гэдгийг нотлох зорилгоор энэхүү өгүүллийг бичлээ.
Бидний авч үзэж буй судалгаанд тогтмол дугуй унадаг 7 мянга шахуу хүний мэдээллийг ашигласан бөгөөд тэдний дугуй унах идэвх болон зүрх судасны эрсдэлт хүчин зүйлүүд хоорондын хамаарлыг хөндсөн. Эрсдэлт хүчин зүйл гэдэгт цусны даралт, холестерин, BMI буюу биеийн жингийн индекс зэрэг хамаатай бол дугуй унах идэвх MET-hours/week үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. MET-hours нь биеийн хөдөлгөөний эрчим ба үргэлжлэх хугацааг уялдуулсан хэмжих нэгж юм. Харин MET нь Metabolic Equivalent of Task гэсэн үгний товчлол. Энергийн зарцуулалтыг илэрхийлдэг физиологийн энэхүү үзүүлэлтийг эрүүл мэндийн судалгаанд өргөн хэрэглэдэг ажээ. Гол сэдэв рүү орохоос өмнө MET хэмжигдэхүүнийг ойлгох хэрэгтэй. 1 МЕТ нь хүн амар тайван сууж байх үед хэрэглэдэг энерги бөгөөд энэ нь 1 ккал/кг/цаг гэсэн утгатай. Улмаар ямар ч дасгал хөдөлгөөний үед зарцуулах энергийг MET-ээр хэмжиж болно. Жишээлбэл хөнгөвтөр алхалт ойролцоогоор 3 MET, дундаж эрчимтэй дугуй унах 6 - 8 MET, уулын дугуй 8 - 14 MET үүнээс ч илүү хэмжээтэй байна. MET-hour гэвэл энэ нь тухайн хөдөлгөөний MET утгыг цагаар үржүүлсэн хэмжээ болно. Жишээлбэл та унадаг дугуйгаа 6 MET дундаж эрчимтэй 1.5 цаг унавал 6 * 1.5 = 9 MET-hours энерги хэрэглэнэ. Ийм байдлаар зарцуулах энергийг долоо хоногт авч үзвэл MET-hours/week үзүүлэлт гарна. Ийнхүү долоо хоногт унадаг дугуй хэр идэвхтэй унахыг тус үзүүлэлтээр хэмжинэ. Судалгааны үр дүнг танилцуулсаны дараа уг үзүүлэлтийг хэрхэн тооцоолох бас таны үзүүлэлт зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулах хэмжээнд буй эсэхийг тогтооход шаардлагатай мэдээлэл өгнө.
Тус судалгааны зорилго нь тогтмол дугуй унадаг хүмүүсийн унадаг дугуй унах идэвхийг цусны даралт ихсэх өвчин ба өндөр холестерин зэрэгтэй ямар холбоотой байгааг судлах явдал байжээ. Судалгаанд анх 7006 хүн хамрагдсан ба өгөгдөлд зохих цэвэрлэгээ хийсний эцэст дунджаар 47.6 настай 6949 эрэгтэй, эмэгтэй үлджээ. Тэдний 96.3% нь зөвхөн дугуй унаснаар л 7.5 MET-h/week гэсэн биеийн идэвхийн доод шаардлагыг хангаж байсан. Ингээд унадаг дугуй унах идэвхээр ангилсан (23-40, 40-61, 61-ээс дээш MET-h/week) гурван бүлгийг 23 MET-h/week-ээс бага гэсэн суурь бүлэгтэй жишсэн цусны даралттай байх эрсдлийн магадлалын харьцаа (odds ratio) ба түүний 95 хувийн итгэх завсар (0.98 (0.80-1.21), 0.86 (0.70-1.06), 0.67 (0.53–0.83)) гэсэн статистикт үндэслэн дүгнэвэл 61+ MET-h/week бүлэг нь суурь бүлэгтэй харьцуулахад цусны даралттай байх эрсдлээрээ статистик ач холбогдол бүхий ялгаатай ажээ. 61+ MET-h/week бүлгийг онцгойлон дурдаж буйн учир итгэх завсарт 1 агуулагдаагүйд оршино. Өөрөөр хэлбэл 61+ ба 23- хоёр бүлгийн эрсдлийн магадлал ижил гэсэн тэг таамаглал 0.05 итгэх түвшинд няцаагджээ. Мөн дугуй унах идэвх өсөх тутам тус харьцааны утга буурчээ. Эдгээр нь дугуй унах тусам цусны даралттай байх эрсдэл буурах зүй тогтол буйг илтгэнэ. Цаашилбал энэхүү бууралт нь нас, хүйс, тамхи таталт, архины хэрэглээ, BMI болон бусад биеийн идэвх зэргээр тохируулсан статистик загварт ч хадгалагджээ. Түүнчлэн дугуй унах хэмжээ өсөхөд BMI биеийн жингийн индекс буурч, холестерин өндөр байх магадлал багасчээ. Дүгнэвэл унадаг дугуй унах тусам зүрх судасны эрүүл мэнд сайжирна.
Уг судалгааны үр дүнд үндэслэн унадаг дугуй унахад зарцуулах энерги дор хаяж 61 MET-h/week байвал хангалттай гэсэн зөвлөгөө гаргаж болно. Тэгвэл манай клубээс зохион явуулдаг бямба гараг тутмын унадаг дугуйтай өдрийн аялалд хамрагдсанаар тус зөвлөгөөт хэмжээнд хүрэх болов уу? Ингээд MET-h/week үзүүлэлтийг тооцоолон гаргая. MET-h/week = MET * цаг / удаа * удаа / долоо хоног томьёо ашиглана. Зам маршрутын онцлогоо харгалзан үзээд MET үзүүлэлтийн утгыг 14, цэвэр жийлтийн хугацааг 5 цаг гэе. Мөн долоо хоногт 1 л удаа жийдэг. Иймд томьёогоор MET-h/week = 14 * 5 / 1 * 1 = 70 гэсэн утга гарах ба энэ нь мөнөөх зөвлөгөөт утгаас өндөр байна. Өөрөөр хэлбэл манай клубийн зохион явуулдаг бямба гараг тутмын унадаг дугуйтай аялалд оролцсоноор цусны даралттай байх зэрэг зүрх судасны эрсдлээс хол байх бүрэн статистик үндэслэлтэй юм. Иймээс ч ахимаг настай зарим гишүүд "сүүлийн үед даралтны эмээ огт уусангүй" гэдэг болов уу.
Эх сурвалж