Улаанбаатар уулын дугуйн клуб

Унадаг дугуй ба сэтгэлзүй

2025 оны 8 сарын 26

Унадаг дугуй унахын үр ашгийг сэтгэлзүйн талаас сонирхож үзтэл нэн сонирхолтой баримт цөөнгүй тохиолдлоо. Тухайлбал дугуй унах нь тухайн хүний стресст л эерэг нөлөөтэйгээс бус харин уг хүний сэтгэл санаанд нөлөө үзүүлдэггүй гэсэн дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл дугуй унадаг хүн үүнээсээ сэтгэл ханамж, таашаал авч стресс нь буурдаг бол харин хүмүүс хоорондын харилцаанд маш их нөлөөтэй хүчин зүйл болох сэтгэл санаанд нь нэмэргүй ажээ. Ингэж бичих үндэслэл бол International Journal of Workplace Health Management сэтгүүлд хэвлэгдсэн Cycling, car, or public transit: a study of stress and mood upon arrival at work судалгааны ажлын тайлан юм [1]. Энэхүү судалгаагаар ажилчид ажилдаа ирэх үед тэдний стресс болон сэтгэл санаанд зорчин ирсэн тээврийн хэрэгсэл нь хэрхэн нөлөөлдгийг авч үзжээ. Ингэхэд ажилдаа дугуйгаар ирсэн хүмүүсийг автомашинаар ирсэн хүмүүстэй харьцуулахад бага стресс ажиглагдсан ч сэтгэл санааны хувьд мэдэгдэхүйц ялгаа илрээгүй гэжээ.

Унадаг дугуй унах нь ерөнхийдөө хувь хүний мэдрэмж, таашаалын л хэрэг байж магадгүй. Үүнтэй холбогдуулан баримт дурдъя. 2016 онд хэвлүүлсэн судалгааны ажлын тайланд хот дотор зорчихдоо дугуй унах нь автомашинаар явах болон нийтийн тээврээр зорчихоос илүү таашаагддаг гэж дүгнэжээ [2]. Тээврийн хэрэгслийн төрөл ба зорчих явцын сэтгэл ханамж, таашаалыг судлах зорилготой тус судалгааг Сидней хотод явуулсан бөгөөд 473 хүн үүнд хамрагджээ. Зорчин явалт нь таашаагдах байдал дугуйчдын хувьд 52% байсан бол автомашин ба нийтийн тээврээр зорчигдын хувьд харгалзан 14% ба 10% байсан. Түүнчлэн явган зорчигдын хувьд уг үзүүлэлт 49% байсныг дурдах хэрэгтэй. Ийм шинжлэх ухааны судалгааны үр дүнгээс гадна нэн ялангуяа уулын дугуйг шууд аз жаргал гэж шулуухан тодорхойлсон нь ч байна [3].

Сая дурдсан [3], "уулын дугуй = аз жаргал" гэж тодорхойлсон нийтлэлийн хэв маягийг харвал энэ нь нэг хүний хувийн үзэл бодол л аж. Тус нийтлэл дэх MTB = Happiness гэсний дээр фото зураг байна. Фото зурагт хөөрч баясан буй уулын дугуйчдын бүлэг харагдана. Би вээр үүнийг хувь хүний үзэл бодол гэж "миалангуу" бичсэн нь учиртай. Нийгмийн сэтгэл судлалд дотоод-бүлгийн хазайлт (Ingroup Bias) гэсэн нэр томьёо, ойлголт байдаг. Энэ нь хувь хүн өөрийн харьяалагдаж буй бүлгийг бусад бүлгээс илүү гэж үнэлэх хандлагыг хэлдэг. Манай клубийн хувьд ч заримдаа ийм хандлага ажиглагддагийг шударгаар хэлэх хэрэгтэй. Миний үндсэн мэргэжил болох математик ба статистикийн салбарт аливаа хувьсах хэмжигдэхүүний утгуудыг жиших эрэмбэ байх эсэхийг заавал анхаардаг. Цаашилбал судлаачийн сэдсэн зохиомол хэмжигдэхүүн дээр ч эрэмбийг хүчээр тулгахгүй гэсэн хориг мэргэжлийн ёс зүйн дагуу тавигддаг. Эрэмбэ тодорхойлогдоогүй хэмжигдэхүүний хоёр өөр утга юмсийг зөвхөн ялгаж л өгдөг. Өөрөөр хэлбэл манай клуб ийм, тэдний клуб тийм гэсэн ярианы дийлэнх нь клубүүдийг жишин эрэмбэлэх бус зөвхөн өөр хоорондынх нь онцлог ялгааг л тодруулах зорилготой. Тэр байтугай тэдний клуб гэж огт яриагүй зөвхөн өөрийн клубээ ярьж байхад л ялгавар олох гээд хасагч/хасагдагч гаргаж ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Ерөөсөө хүмүүсийг өөр хооронд нь эрэмбэлэх гэгч маш болгоомжтой хандах үйл. Энэ параграфт бичиж эхлүүлсэнчлэн нийгмийн сэтгэл судлал дахь нийгмийн үнэлэмжийн онолын дагуу, бид өөрийгөө тодорхой бүлэгт хамааруулж, тэр бүлгээрээ дамжуулан өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хандлагатай [4]. Ийнхүү хүн өөрийгөө тодорхой нэг бүлэгт хамааралтай гэж мэдэрсэнээсээ, улмаар энэхүү харьяалагдах мэдрэмжээсээ өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөдөг. Жишээлбэл, дугуйчид өөрсдийнхөө бүлгийг "эрүүл амьдралын хэв маягтай" гэж үнэлэх тусам тухайн гишүүн өөрийгөө ч мөн ийм сайн шинж чанартай гэж мэдэрдэг. Үүний үр дүнд бүлэг өөрсдийгөө бусдаас дээгүүр, илүү мэтээр үзэх хандлагатай болж дотоод-бүлгийн хазайлт (Ingroup Bias) үүсдэг.

Дээрх параграфт уулын дугуй гэснээс улбаалан сэтгэлзүйн нөлөөллөөрөө уулын дугуй ба засмалын дугуйн төрлүүд өөр хоорондоо ялгаатай эсэхийг судалсан ажил хайж үзсэн ч ийм судалгаа олдсонгүй.

Мөнөөх нийтлэлд бичсэнчлэн дугуй унах нь үнэхээр аз жаргал ч байж магадгүй л юм. Аз жаргалыг тухайн агшинд л байдаг гэдэг. Иймээс ч эхний параграфт дурдсан судалгаагаар дугуй унахыг стресстэй холбон авч үзэхдээ 45 минут гэсэн цаг хугацааны хязгаар тавьсан биз ээ. Цаг хугацааны ийм хязгаар тавьсаныг тус судалгааны тайлангаас үзэж болно. Аз жаргалтай хүмүүсийн цусан дахь стрессийн гормон кортизолын түвшин доогуур байдаг [5]. Дугуй унах нь аз жаргалыг бүрдүүлэгч 1) эерэг сэтгэл хөдлөл 2) сэтгэл ханамж 3) утга учиртай амьдрал 4) хувийн өсөлт, хөгжил гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт дөрвүүлэнд хамаатай болохыг та өөрөө хэсэгхэн бодоход л ойлгоно доо.

Дээрх бүгдийг дүгнэвэл дугуй унах нь зөвхөн тухайн хувь хүний сэтгэлзүйд зөвхөн өөрт нь л ашигтай бололтой. Харин хүмүүс хоорондын харилцаа улмаар эргээд нийгэмдээ ч нөлөөлж чадах хувь хүний сэтгэл санааны байдалд нөлөөлдөггүй ажээ. Ийм дүгнэлтийг бататгах өөр нэг судалгаа ч байна. Асуумжийн аргаар өгөгдлөө цуглуулсан нэг судалгаанд 7.5 км-ээс богино зайнд автомашины оронд унадаг дугуй юм уу явган алхахыг сонгосон хүмүүс өөрийн ерөнхий эрүүл мэндийн түвшинг сайн гэж хариулах явдал түлхүү байв. Харин тээврийн хэрэгслийн сонголт болон сэтгэл зүйн сайн сайхан байдлын хооронд статистик хамаарал ажиглагдаагүй гэж тайлагнажээ [6]. Сонирхуулж хэлэхэд 7.5 км бол Энхтайвны өргөн чөлөөгөөр Сүхбаатарын талбайн чанх урдаас Таван шарын уулзвар дөнгөж гартал явах замын урттай тэнцүү юм. Улмаар цаашилбал 7.5 км биш харин 75 км, бүр үүнийг хоёр дахин нугалаад 150 км шороон замаар уулын даваа давуулан унадаг дугуй жийлгэвэл сэтгэл хөдлөл нь эерэг талдаа байж аз жаргал мэдрээд л байх болов уу, аль эсвэл сөрөг тал руу хэвийж стресстэх болов уу?

Эх сурвалж

  1. Brutus, S., Javadian, R. and Panaccio, A.J. (2017), "Cycling, car, or public transit: a study of stress and mood upon arrival at work", International Journal of Workplace Health Management, Vol. 10 No. 1, pp. 13-24. https://doi.org/10.1108/IJWHM-10-2015-0059
  2. Rissel Chris, Crane Melanie, Wen Li Ming, Greaves Stephen, Standen Chris (2016) Satisfaction with transport and enjoyment of the commute by commuting mode in inner Sydney. Health Promotion Journal of Australia 27, 80-83.
  3. Matthew Mark Foundation. (n.d.). How mountain biking boosts mental health: Science and stories. https://www.matthewmarkfoundation.org/post/how-mountain-biking-boosts-mental-health-science-and-stories
  4. Tajfel, H., & Turner, J. C. (1979). An integrative theory of intergroup conflict. In W. G. Austin & S. Worchel (Eds.), The social psychology of intergroup relations (pp. 33–47). Brooks/Cole.
  5. Steptoe, A., Wardle, J., & Marmot, M. (2005). Positive affect and health‑related neuroendocrine, cardiovascular and inflammatory processes. Proceedings of the National Academy of Sciences of the United States of America, 102(18), 6508–6512. https://doi.org/10.1073/pnas.0409174102
  6. Scheepers, C. E., Wendel‑Vos, G. C. W., van Wesemael, P. J. V., den Hertog, F. R. J., Stipdonk, H. L., Int Panis, L. L. R., van Kempen, E. E. M. M., & Schuit, A. J. (2015). Perceived health status associated with transport choice for short distance trips. Preventive Medicine Reports, 2, 839–844. https://doi.org/10.1016/j.pmedr.2015.09.013