Тамирчин - Алкохол - Дасгалжуулагч гэсэн гурвалын талаар та бишгүйдээ л сонсоо биз ээ. Бүр та тамирчин эсвэл дасгалжуулагч нь ч байж мэдэх юм. Тэгээд л яагаад алкохолыг хорьдог юм бол доо хэмээн жаал ухаж төнхлөө. Ийнхүү уншсан материалаасаа "Хүний булчинд ачаалалт тэсвэрийн дасгалаар өдөөгдсөн mTORC1 дохиололд гэнэтийн архи уухын үзүүлэх нөлөө" [1] гэсэн сэдэвтэй судалгааны ажлыг онцлохоор шийдлээ.
Тус судалгаанд 10 эрэгтэй, 9 эмэгтэй хамрагдсан бөгөөд тодорхой аргачлал бүхий ачаалалтай дасгал хийснээс 10-20 минутад архи өгчээ. Архины хэмжээг өөхний массыг хасаж тооцсон биеийн жинд тохируулсан байна. Ингээд хэдэн цагийн дараах үр нөлөөг нь судалжээ. Тэгээд булчингийн уургийн нийлэгжилт, өсөлтийн механизмд оролцдог mTORC1 дохиоллыг авч үзтэл эрэгтэйчүүдийн хувьд уг механизм саармагжиж, булчингийн сэргэлт ба өсөлт нь саатаж байгаа нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл дасгал хийсний дараа согтууруулах ундаа хэрэглэх нь эрчүүдийн булчингийн нөхөн сэргэлтийг муутгаж, биеийн хүчний ашиг хүртэх үйл явцыг бууруулдаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ.
Ийнхүү "яагаад алкохолыг хорьдог юм бол доо" гэсэн асуултдаа тодорхой нэг хариу олж унадаг дугуй унах үеэр алкохол санал болгох хүмүүст хэлэх үгтэй боллоо. Хэлэх үг гэдэг санааг зөвхөн би өөрөө гаргаад байгаа юм биш л дээ. Тус судалгааны тайлан дахь зөвлөмжид ийм санааг тусган бичжээ. Furthermore, this knowledge could potentially be used by athletes and others engaged in RE as a means to deflect peer-pressure to drink by showing the potential effect alcohol could have on their training outcomes [1]. Үүнийг орчуулваас дараах өгүүлбэр гарна. Мөн энэ мэдлэгийг тамирчид болон ачаалалт тэсвэрийн дасгал хийдэг хүмүүс архи уух талаарх үе тэнгийнхний дарамтыг няцаахдаа архи нь тэдний бэлтгэлийн үр дүнд хэрхэн нөлөөлж болохыг харуулах зорилгод ашиглах боломжтой.
Одоо сэдэвт хамаагүй мэт боловч тунгаах тусам (хоёр сэжмээр) яах ч аргагүй холбогдоод буй нэг асуудлыг хөндье. Энэ бол согтууруулах ундааны хэрэглээ ба унадаг дугуйчдын осол гэмтэл юм. Хотын дугуйчдын алкохолын хэрэглээ нь илүү хүнд гэмтэл, эмнэлгийн илүү их нөөц зарцуулалт, өндөр нас баралттай холбоотой байдаг [2] гэсэн судалгааны үр дүн байна. Ингээд уусан эсэх аль тохиолдолд унадаг дугуйчны осолдож гэмтэх магадлал илүү байхыг тогтооё. Өөрөөр хэлбэл \[Магадлал(Гэмтэх\mid Уух)\]ба \[Магадлал(Гэмтэх\mid \overline{Уух})\]хоёр магадлалыг жишнэ.
Дээгүүрх зураас нь үгүйсгэл буюу эсрэг тохиолдлыг илэрхийлнэ. Цаашид "Гэмтэх"-ийг зүгээр л Г харин "Уух"-ыг У гэж товчлон бичнэ. Бас "Магадлал" буюу "Probability" гэдгийг P үсгээр тэмдэглэнэ.
\[P(Г|У) \; ? \; P(Г|\bar{У})\]
Эмнэлгийн статистик мэдээнд гэмтсэн дугуйчдын хэдэн хувь нь уусан байсныг илтгэх тоо баримт байдаг. Иймд эдгээр магадлалыг \(P(У|Г)\) ба \(P(\bar{У}|Г)\) хэлбэрт шилжүүлнэ. Үүний тулд Байесын томьёо ашиглана.
\[\frac{P(У|Г)P(Г)}{P(У)} \; ? \; \frac{P(\bar{У}|Г)P(Г)}{P(\bar{У})}\]
Магадлалуудыг жиших л зорилготой тул хоёр илэрхийлэл дэх \(P(Г)\) гэсэн тэгээс ялгаатай үржигдэхүүнийг орхиж болно.
\[\frac{P(У|Г)}{P(У)} \; ? \; \frac{P(\bar{У}|Г)}{P(\bar{У})}\]
Эцэст нь эсрэг үзэгдлийн томьёогоор дараах илэрхийлэл гарна.
\[\frac{P(У|Г)}{P(У)} \; ? \; \frac{1-P(У|Г)}{1-P(У)}\]
Нэгэн судалгааны тайланд эмнэлгийн практикт гэмтсэн дугуйчдын дотор алкохол хэрэглэсэн хүн байх нь 15.1 хувийг эзэлдэг гэжээ [2]. Одоо гудамж замын хөдөлгөөнд оролцож яваа унадаг дугуйчдын дунд уг хувь бага байдаг буюу \(P(У|Г)>P(У)\) гэж таамаглая. Таамаглал үнэн үед \(\frac{P(А|Г)}{P(А)}>1\) ба \(\frac{1-P(А|Г)}{1-P(А)}<1\) байна. Үүнийг тооцон дээрх магадлалуудыг жишиж болно.
\[\frac{P(У|Г)}{P(У)} > \frac{1-P(У|Г)}{1-P(У)}\]
Өөрөөр хэлбэл \(Магадлал(Гэмтэх\mid Уух)\) нь \(Магадлал(Гэмтэх\mid \overline{Уух})\) магадлалаас эрс их гэсэн харьцаа гарна.
Ийнхүү хэрэв \(P(У|Г)>P(У)\) таамаглал үнэн бол унадаг дугуйчны осолдож гэмтэх магадлал уусан үед илүү их байна гэсэн үр дүн гарна.
Унадаг дугуйчны осолдож гэмтэх магадлал уусан үед илүү их байна гэсэн дээрх дүгнэлтийг унадаг дугуй унах үеэр согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс "хэт их уусан найгүй амьтад л тэгж байгаа юм" гэх мэтээр эсвэл арай өөр зөөлөн үг, өгүүлбэр хэлж эсэргүүцэх ядаж л булзааруулах явдал ажиглагддаг. Сэтгэл судлалын шинжлэх ухааны зүгээс тайлбарлавал энэ нь сэтгэлзүйн зөрчилдөөн(cognitive dissonance)-өөс үүдсэн өөрийгөө зөвтгөх хамгаалалтын хариу үйлдэл (defensive attribution) бөгөөд тухайн хүн осол, гэмтлийн эрсдэлийг бууруулж, өөрийн зан авирыг зөвтгөх зорилгоор ийм хариу өгч буй хэрэг юм л даа. Гэхдээ шинжлэх ухаанч байдлаар, шүүмжит сэтгэлгээгээр хандвал согтууруулах ундааны хэрэглээ ба осол гэмтлийн талаарх гаргалгааны үр дүн, тус үр дүнгийн эх үндэс болох таамаглалд эргэлзэх шалтгаан олж болно. Тухайлбал мөн энэ чиглэлээр явуулсан өөр нэгэн судалгааны тайланд алкохолтой холбогдсон нийт тохиолдлын 90 шахуу хувьд нь цусны алкохолын агууламж дор хаяж 1.2 грамм/литр гэж хэмжигдсэн хэмээн бичжээ [3]. Алкохол булчингийн өсөлт хөгжлийг саатуулдаг тухай үндсэн сэдэвт эш татсан судалгааны ажилд ч шаггүй их Smirnoff архи уулгасныг тайлангаас нь олж үзэж болно. Ингээд тус босго утгыг лавлаад үзтэл энэ нь согтолтын "овоо хөөрхөн" зэрэг ажээ. Гэхдээ үүнийг "овоо хөөрхөн" гэж өхөөрдөн орхилгүй нухацтай шүүн тунгаана.
Алкохолыг унадаг дугуйчдын булчингийн нөхөн сэргэлт, өсөлт хөгжил болон осол гэмтэл талаас гоочлон авч үзсэн, дээр эш татсан судалгааны ажлуудад согтуурал буюу хүний бие дэх спиртийн агууламж багагүй хэмжээтэй байсныг саяхан дурдсан. Түүнчлэн сэтгэл судлалын шинжлэх ухаан гээд л баахан номчирхож "алкохол бол муу" гэсэн дүгнэлтийг хамгаалахыг оролдсон. Таагаад бичвэл уншигч та ч "их уулгачихвал тэгэхгүй яадаг юм" гэж бодоо вий. Өнгөц харвал зориудаар их спирт цутгасаар байгаад алкохол хүний биед муу гэсэн үр дүн гаргажээ гэмээр. Гэхдээ статистикийн онолын зүгээс харвал учир байна аа. Хувьсах хоёр хэмжигдэхүүний нэг нь нөгөөдөө нөлөөлөх байдлыг илэрхийлэх загварыг илүү үнэн бодитойгоор үнэлж олохын тулд нөлөөлөгч хүчин зүйлийн хувьсах цар хүрээг боломжийн хэрээр их байлгахыг зөвлөдөг. Энэ зөвлөгөө нь туршилтын загваруудыг судалдаг статистикийн шинжлэх ухааны онолын үндэслэлтэй. Иймээс алкохолын нөлөөг алдаа мадаг багатайгаар олж тогтоохын тулд доруйхан "уулгах"-аас өөр аргагүй. Ийнхүү ахиухан архи уулган байж алкохолын сөрөг нөлөөг олж тогтоосон байна. Харгис л арга юм. Осол гэмтлийн хувьд ч ийм харгис арга хэрэглэн судалмаар. Гэхдээ амь насны аюултай учраас ийм туршилтад оролцох хүн олоход бэрх байх л даа. Нөгөө талаас шинжлэх ухааны ёс зүйн асуудал ч хөндөгдөнө. Гэхдээ ингэхгүйгээр судлах арга статистикт бий л дээ. Энэ бол Байесын зарчим юм. Үүнтэй холбогдуулан дээр ашигласан Байесын томёог ажиглаарай. Асуудалд Байесын зарчмаар хариу олохын тулд гудамжинд мөрөөрөө яваа унадаг дугуйчдыг зогсоон цуснаас нь дээж авах шаардлагатай. Тэгж баймааж \(P(У)\) магадлал тодорхой болно. Даанч согтуурсан нь байтугай эрүүл нь ч уриалгаханаар дээж өгөх үү дээ?
Алкохолын сөрөг нөлөөг үүний өндөр хэрэглээтэй холбон байж гаргасан тул бас л мөнөөх сэтгэл судлалын "юм" орж ирнэ ээ. Энэ бол зохистой хэмжээ. Зохистой хэмжээний талаар ярьж болох ч үүнийг судлахад ярвигтай. Хүчин зүйлийн нөлөөг илэрхийлэх статистикийн загварын алдаа-хэлбэлзэл гээчээс шалтгаалан зохистой хэмжээг буруу тогтоох, тэр байтугай угтаа тэг утгатай байх ёстой хэмжээг тэгээс ялгаатайгаар олчих ч боломжтой. Учир нь статистикийн загваруудыг зохиохын тулд алдааг заавал хүлээн зөвшөөрдөг. Цаашилбал загварын алдаанаас гадна судалгааны өгөгдөл цуглуулах үед гарах хэмжилтийн алдаа зэрэг эсэн бусын алдааг мартаж үл болно. Ийнхүү алкохолын хэрэглээний зохистой хэмжээ гэгч нь их будлиантай тул "их барьсан ч өмхий бага барьсан ч өмхий" гэдэг ардын үгийг сануулъя.
Эх сурвалж