Улаанбаатар уулын дугуйн клуб

Дугуй унаж явахад нус яагаад гоождог вэ?

2025 оны 10 сарын 28

Нэгэн унадаг дугуйтай аяллын үеэр клубийн аялалд анх удаагаа нэгдсэн дугуйчин ах хүү "унадаг дугуй унаж явахад нус их гоожих юм" гэсэн нь хоёр жилийн өмнө манай охин танин мэдэхүйн номоос "хүн өдөрт төчнөөн литр нус залгиж байдаг" [1] гэж уншаад "пай пүү" болж байсныг сануулсан юм. Ингээд унадаг дугуйтай аяллаа өндөрлөөд гэртээ ирсэн даруйдаа охиноосоо аль номны ямар хуудас дээр тэр талаар бичсэн байсныг лавлалаа. Охин ч номын сангаасаа мөнөөх номыг авч ирээд нааш цааш хэдэн хуудас эргүүлээд л нөгөөх баримтыг гаргаад ирсэн. Унштал 1 литр нус залгидаг гэнэ.

Тухайн үед мөнөөх ах хүүд энэ номын талаар хэлээд улмаар "Унадаг дугуй унаж явахдаа бид тонгойж явдаг. Тэгэхээр хоолой руу урсах ёстой байсан нус урагшаа урсаж орж ирээд байдаг юм." гэж тайлбарласан. Үнэндээ ердийн үеийн толгойн байрлалыг унадаг дугуй унаж явах үеийнхтэй харьцуулбал гэдийчихсэн л гэмээр. Хэрэв та нус залгидаг бас ингэж урсдаг гэдгийг үнэмшихгүй байвал ерөөсөө та өөрөө ханиад шуухинаа тусаж байгаад л өөрийнхөө бие дээрээ туршаад шалгачихаж болно. Ханиад тусахгүй ээ гэвэл үргэлжлүүлэн уншаарай л даа.

Өдөрт 1 литр нус залгидаг гэдэг баримт баттай эсэхийг нягтлан интернэтээр хайн өөр нэг эх сурвалж олж үзлээ. Тэнд ийн бичжээ. Хэвийн үед хамар болон хамрын дайвар хөндий нь 24 цагийн дотор ойролцоогоор 1 кварт хэмжээний салст (нус) ялгаруулдаг гэнэ [2]. Кварт гэдэг нь шингэний эзэлхүүн хэмжих нэгж бөгөөд галлоны дөрөвний нэгтэй тэнцүү ба үүнийг англид ойролцоогоор 1.13 литр харин америкт ойролцоогоор 0.94 литр гэж тооцдог. За тэгээд л унадаг дугуйгаар хэдэн цаг давхин, зогсолтгүй тонгойн явахаар нус хамрын хөндийгөөс хоолойгоор урсан ходоод руу орж чадахгүй болсон учраас хамар руу урсан орж ирээд, улмаар гоожоод байдаг байх нь ээ. Ний нуугүй хэлбэл унадаг дугуй унаж явах нь замын бартаа, өгсүүртэй алалцахаас илүү нустайгаа л байлдах явдал болдог доо. Үнэмшихгүй байвал Зүгээр л жийгээд үз.

Хамартай холбогдох өөр сонирхолтой баримт дурдъя [2]. Насанд хүрсэн хүн өдөрт 14000 литрээс илүү агаараар амьсгалдаг. Ингэхдээ агаарыг чийгшүүлж, халаан амьсгалахад “бэлтгэдэг” бөгөөд үүнд 680 граммаас дээш хэмжээний ус зарцуулдаг ажээ. Энэ нь бидний өдөр тутмын усны хэрэглээний ойролцоогоор 20 хувийг эзэлдэг гэнэ. Унадаг дугуйтай аяллын үеэр энэ хэмжээ бүр ч ихээр өсдөг байж таарна. Иймээс л унадаг дугуй эрчтэйхэн, ачаалалтайхан жийхээр ам ангаад байдаг болов уу гэснээс манай клубийн нэг гишүүний анзаарсанаар "Бэлтгэл муутай нь ус их ууж, бэлтгэл сайтай нь ус бага уудаг". Иймээс бэлтгэлээ ханган Зүгээр л жий!

Эх сурвалж

  1. Bolor Sudar Publishing. Тоон ертөнц, Хорвоогийн элдэв сониныг 2000 гаруй тоон баримтаар. 2019
  2. Archer, S. M. (2021, November 16). *Nasal physiology: Overview, anatomy of the nose, nasal airflow* [Overview article]. Medscape. https://emedicine.medscape.com/article/874771-overview#showall