Монголын дугуйн холбооноос лиценз авах тамирчин нь тус холбооны шаардлагын дагуу унадаг дугуйн аль нэг клубтэй гэрээ байгуулсан байх ёстой бөгөөд Улаанбаатар уулын дугуйн клуб нь дараах нөхцөл бүхий гэрээг цахимаар байгуулна.
- Гэрээ нь Монголын дугуйн холбоо(МДХ)-ны тамирчны лиценз, МДХ-ноос клубт ногдуулах татвар хураамж, МДХ-ноос зохиох унадаг дугуйн тэмцээн уралдаантай холбогдон үүсэх Улаанбаатар уулын дугуйн клуб (цаашид товчоор клуб гэнэ) ба тамирчин хоорондын харилцааг зохицуулна.
- Гэрээ нь тухайн оныг дуустал үйлчилнэ.
- Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрээр МДХ-ны лиценз авах тамирчин нь тус клубийн гишүүн байна.
- Клубийн гишүүн нь лицензийг сайн дурын үндсэн дээр авна.
- Лиценз авах гишүүн нь МДХ-ноос шаардсан тамирчны хувийн мэдээллийг хамгийн сүүлийн үеийн байдлаар бүрэн бөгөөд үнэн зөв өгсөн байна.
- Клубт харьяалагдах лицензтэй гишүүн нь МДХ-ноос зохиох унадаг дугуйн тэмцээн уралдаанд Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрээр оролцоно.
- Клубийн гишүүн нь лицензийн төлбөрөө өөрөө хариуцна.
- Лиценз авах гишүүн нь МДХ-ны дүрэмд заасан клубийн татвар хураамжийг лиценз авах бусад гишүүд болон дэмжигч гишүүдтэй хамт төлөлцөнө.
- Клубийн гишүүн нь лиценз авалгүйгээр зөвхөн МДХ-ноос ногдуулсан клубийн татвар хураамжийг төлөлцөн клубийн баг тамирчдыг дэмжиж болно.
- Клубийн гишүүн нь лицензийн төлбөр болон МДХ-нд тушаах клубийн татвар хураамжийн өөрт ногдох хэсгийг МДХ-ны товлосон өдрөөс өмнө төлнө.
- МДХ-ны тамирчны лицензийн төлбөр болон МДХ-нд тушаах клубийн татвар хураамж цуглуулах, МДХ-нд тушаах ажлыг клубийн админ удирдан зохион байгуулна.
- Клубийн гишүүн нь лиценз авах мэдүүлгээ лицензийн төлбөрөө тушаахаас өмнө бас тушаасан нь клубийн веб дээр баталгаажихаас өмнө цуцалж болно. Төлбөр нь баталгаажсан лицензийн мэдүүлгийг үл цуцална. Мөн хураан цуглуулсан татвар хураамжийг үл буцаана.
- Клубт харьяалагдах лицензтэй гишүүн нь унадаг дугуйн тэмцээн, уралдаанд сайн дурын үндсэн дээр оролцох бөгөөд үүнтэй холбогдон гарах аливаа зардлаа өөрөө хариуцна.
- Клубт харьяалагдах лицензтэй гишүүн нь унадаг дугуйн ямар тэмцээн, уралдаанд оролцох мөн түүнчлэн тэмцээн, уралдаанд амжилт гаргахын тулд ямар тактик баримтлахаа өөрөө шийднэ.
- Клубт харьяалагдах лицензтэй гишүүн нь унадаг дугуйн тэмцээн, уралдаанд оролцох болон бэлтгэл сургуулилтын үеэр өөрийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг бүрэн хариуцна.
- Клубт харьяалагдах лицензтэй гишүүн нь унадаг дугуйн тэмцээн, уралдаанд оролцох болон бэлтгэл сургуулилтын үеэр бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учруулсан хохирлоо бүрэн хариуцна.
- Клубт харьяалагдах лицензтэй гишүүн нь унадаг дугуйн тэмцээн, уралдаанд оролцохдоо зохион байгуулагчдынх нь тогтоосон дүрэм журам болон өгсөн заавар, тавьсан шаардлагыг сахин биелүүлэх бөгөөд эс биелүүлсэн тохиолдолд хариуцлагаа өөрөө үүрнэ.
- Лиценз авахаа мэдүүлэхийг энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч, даган мөрдөх баталгаа өгсөнд тооцно.