Ирэх бямба гараг буюу 10 дугаар сарын хуанлийн сүүлийн өдөр клубээс зохион явуулдаг УБ хот орчим дахь унадаг дугуйтай "өдрийн аялал" категорийн арга хэмжээний 2026 оны намрын улирлын хаалт болно. Мөн тус хаалтын аяллаар клубийн аяллын 10 жилийн түүхэн товчоо болох аяллын тэмдэглэлийн эмхэтгэл "Зүгээр л жийсэн 10 жил" номын дээжийг клубийн үүсгэн байгуулагч Э.Отгонжаргал админд дурсгаж хүндэтгэл үзүүлнэ.

Санаа зөв бол заяа зөв гэгчээр товлосон аяллын эхлэх цаг дөхөх тутам цаг агаар ганц нэг хэмээр дулаарч бас олзуурхууштай нь шөнөдөө маш дулаахан хоносон нэгэн сайхан өдөр боллоо. Өнөөдөр манай клуб намрын улирлын бямба гарагуудад Улаанбаатар хот орчимд зохион явуулдаг унадаг дугуйтай өдрийн аяллын 2026 оны хаалтын аяллыг зохион байгуулж байгаа маань энэ билээ.
Мөн өнөөдрийн аяллын өөр нэг онцлог бол өдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Улаанбаатар уулын дугуйн клубийн 10 жилийн ойг тохиолдуулан хэвлүүлсэн "Зүгээр л жийсэн 10 жил" хэмээх номыг танилцуулах, дээжийг нь клубийн үүсгэн байгуулагч админ Э.Отгонжаргалд дурсгах явдал байлаа.

Тус ном нь клубийн танилцуулга, өнгөрөгч 10 жилд зүгээр л жийсэн үе үеийн гишүүдийн жийлтээр туурвисан түүхийг өгүүлэх аяллын тэмдэглэлүүд болон клубийн гишүүний бахархлын тэмдэгтэй унадаг дугуйчдын профайл зураг зэргийг агуулсан эмхэтгэл юм.
2026 оны намрын улирлын хаалтын аялалд 11 унадаг дугуйчин оролцохоор бүртгүүлсэнээс 10 нь хүрэлцэн ирж оролцлоо. Цуваагаар бөөндөө жийсээр Богд уулын тусгай хамгаалалттай газрын автозамын хаалтаас цааш өөр өөрийн хэмнэлээр жийсээр Хүрэлтогоот одон орны оргилын хашааны хаалга хүрч "бариадлаа".

Тэргүүн байранд туршлага, хүч юугаа үзүүлэн ЦТГ Ж.Баярсайхан орж ирсэн бол араас нь уулын дугуйн спортын дэд мастер, дуатлоны улсын аварга УТГ Ш.Мөнгөнсүх үзүүрлэлээ. Улмаар айргийн тавд НТГ С.Лувсан, Б.Нармандах, ЯТА Э.Отгонжаргал нар орлоо. Давааны дайтай өгсүүр замыг зогсолтгүй жийн туулцгаасан та бүгдэд баяр хүргэе. Үнэхээр энэ замын өгсүүр давааны дайтай болохыг клубийн веб апп дахь хиймэл оюунт замын шинжээч олж тогтоосон нь машрутын мета мэдээллээс харагдана.

Уулын ам дахь хотхонуудыг дуусан дуустал засмал зам тавьжээ. Бас хаа сайгүй бетоноор хашаалсан нь "төөрдөг байшин" мэт болохыг дөхжээ.
Аяллын оргил цэгтээ ирцгээсэн бид дор дороо ая тухаа олцгоон, тойрог үүсгэн сууцгаагаад үдийн цайгаа ууцгаалаа. Унадаг дугуйгаар хоногийн болон олон хоногийн аялалд явцгаадаг зарим гишүүд аяны гал тогоогоо авчирч цай хоол хийж буй нь хэд хэдэн гишүүний сонирхлыг татаж буй бололтой. Бүр аяллын хэрэгсэл зэхэж байгаад хоногийн аялалд оролцохоо ч илэрхийлсэн нь чих дэлссэн шүү.

Ингээд аяллын багийн гишүүд цайлж дуусахуйд дээр дурдсан клубийн 10 жилийн ойн дурсгалын эмхэтгэл номоо танилцуулж, клубийн үүсгэн байгуулагч Э.Отгонжаргал админд дурсгах ёслолын арга хэмжээнд шилжлээ. Номыг цүнхнээс гаргаж ирэхэд том, зузааныг нь гайхацгаав. Үнэндээ бүх эх материалыг зүсэн зүйлийн компьютерийн програмууд улмаар автомат үсэг өрөгчөөр боловсруулан гаргасан PDF форматтай хэвлэлийн эхийг анх нээж үзэхдээ би өөрөө ч гайхсан. Цаашилбал эх бэлдэх нь нэг ажил бол түүнийг хэвлэх нь бас овоо ажил юм билээ, нэн ялангуяа ийм том номын хувьд. Ном нь массд зориулагдаагүй тул офсет хэвлэл бололцоогүй ба харин бусад хэвлэлийн хувьд цаас, хавтас, хуудасны тоо буюу зузаан зэргээс болж чамгүй хязгаарлалттай тулсан. Хэвлэлийн эхийг эдгээр хязгаарлалттай нийцүүлэн өөрчлөх ажил нь бүх эх материалыг боловсруулах ажлын үе шат бүрийг бүрэн автоматжуулсан байсан тулдаа л давж гарсан. Энэ дашрамд Улаанбаатар уулын дугуйн клубийн 10 жилийн түүхэн дурсгалын ийм зузаан боть нь зөвхөн түүнийг үүсгэн байгуулсан Э.Отгонжаргал админ болон үе үеийн, зүгээр л жийсэн олон олон унадаг дугуйчдын жийлт төдийгүй OpenStreetMap, R, LaTeX болон бусад олон нийтийн нээлттэй програм хангамжийн төслүүдийн ачаар бүтсэнийг дурдмаар байна. Түүнчлэн клубийн www.ubmbc.com веб сайтыг ажиллуулж буй суурь програмууд цөм ийм үнэгүй, нээлттэй, олон нийтийн програмууд байдаг билээ. Манай Улаанбаатар уулын дугуйн клуб ч мөн тэдгээр төслүүд шиг нээлттэй, сайн дурын, төлбөр хураамжгүй, цөөнхийн ашиг сонирхлоос ангид байх зарчимтай.

Тус эмхэтгэл нь зөвхөн унадаг дугуйтай аялагчдын дурсгалын цомог болоод зогсохгүй нэн ялангуяа унадаг дугуйн аяллын маршрут ба маршрутын дагуух замын нөхцөл, аялал явагдаж байсан тухайн үеийн газар орон, хүн зон, аялалд оролцогчдын байдал зэргийг фото зургаар баяжуулсан бичвэр тэмдэглэл хэлбэртэй баримт болохоороо түүхэн ач холбогдолтой.

Ингээд орсон бороо арилж, ирсэн гийчин буцна гэдэгчлэн аяллын оргил цэгээс гэдрэг эргэн буцах замдаа орох боллоо. Ирэхэд чардайлгасан өгсүүр буцахад шагналаа өгч биднийг яах ийхийн зуургүй төв замд хүргэв.


Эцэст нь аяллын тарах цэг Дүнжингарав худалдааны төвийн гадаа ирээд 1) өдрийн аяллын 2026 оны намрын улирлын хаалт 2) аяллын түүхэн эмхэтгэл ном 3) клубийн 10 жил зэргийг тохиолдуулан аяллын багаараа хамт сууцгаан зоог барьсанаар тус аялал өндөрлөлөө. Зоогийн үеэр дөнгөж саяхан 300 дахь аяллаа ёслон тэмдэглэж байсан бол одоо 389 дэх аяллынхаа ард гараад буй талаар бас 400 арай ойрхон тул 500 дахь аяллаа тэмдэглэе хэмээн ярилцацгаалаа. 500 дахь аялал хол санагдаж байвч зүгээр л жийж байвал аяндаа болно доо.

Ийнхүү бямба гарагуудад Улаанбаатар хот ба түүний ойр орчмын нутаг дэвсгэрт зохиогддог унадаг дугуйтай өдрийн аяллын 2026 оны намрын улирал дууслаа. 2027 оны хаврын улирлын өдрийн аяллууд тус оны 3 дугаар сарын 27 өдөр эхэлнэ. Тэр хүртэлх хугацаанд Дорноговь ба Сэлэнгийн өвлийн аялал болон цаг агаарын гэнэтийн дулаарал "цонх" бямба гарагийг тохиолдуулсан жийлт зарлах тул клубийн фейсбүүк хуудсыг дагаж мэдээллийг цаг тухайд нь хүлээн аваарай.