Улаанбаатар уулын дугуйн клуб

Уламжлал шинэчлэл

2023 оны 10 сарын 3

Улаанбаатар уулын дугуйн клубийг 2016 оны 5 сарын 24-ний өдөр анх үүсгэн байгуулсан цагаас хойш хөгжлийн тодорхой үе шатыг дамжин өнөөг хүрсэн. 2016 онд зохион байгуулалтын үндсэн хэв шинжээ олсон бол 2017 онд өнөөгийн дүр төрх бүрэлдэн тогтсон юм. Улмаар 2021 он сүүлээс 2023 он дуусталх хугацаанд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба үүнтэй холбогдуулан дараах бичвэрийг үйлдэв.

Энэхүү бичвэрийг уншсанаар хүрэх үр дүн бол клубийн уламжлал, үнэт зүйл, алсын харааг танин мэдэж, ойлгох явдал юм.


Уламжлал шинэчлэл

Уламжлал шинэчлэл бол эрт дээр үеэс уламжилж ирсэн, орхигдуулж болохгүй дэвшилтэт зүйлийг орчин үетэй уялдуулан хөгжүүлэх бодлого юм [1]. Үнэхээр бидэнд хадгалж явах түүх, хойч үедээ дамжуулах өв, он цагийн уртад шалгаран үлдээд нэгэнт хэвшиж тогтсон дэг жаяг их бий. 2016 оноос эхтэй энэ бүхнийг 2023 онд буюу сүүлийн гурван жилд өрнөсөн шинэчлэл өөрчлөлтийг тэрлэх эдүгээ цаг үед уламжлал шинэчлэлийг хэрхэн дэнсэлсэн тухай сийрүүлж үлдээх нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн хэлхээний залгамжийг хойшид ч үл алдуулахад ач холбогдолтой.

Хуудасны агуулга, танилцуулга

Зураг 1. Facebook нийгмийн сүлжээний платформын групп үйлчилгээ дэх "УБ уулын дугуйн аялал" хуудасны агуулга, танилцуулга [2]

Баримтлах бодлого

  1. Цэгцтэй мэдээлэл өгөх
    хэвээрээ
  2. Тогтсон стандарт баримтлах
    хэвээрээ
  3. Хүмүүст ойлгогддог байх
    Ойлгомжтой байх үндэс нь энгийн бөгөөд тодорхой байх явдал юм. Тодорхой байх нь ямарваа эргэлзээ, үл ойлголцол, зөрчилдөөн үүсэхээс сэргийлнэ.
  4. Зорилгоос хазайхгүй байх
    1. 2016 онд анх үүсгэн байгуулахад дэвшүүлсэн зорилго болох уулын унадаг дугуйн аялал гэсэн чиглэлийг хэлбэрэлтгүй баримтална. Энэ нь клубийн дүрэм дэх "Клубийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь унадаг дугуйн аялал байна." гэсэн заалтаар илэрнэ. Клуб 2016 оноос 2023 он дуустал 7 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар буюу идэвхтэй гишүүд байсаар буй нь уулын унадаг дугуйн аялалтай холбоотой гэдгийг клубийн өнгөрсөн түүх харуулна. Энэхүү түүхэн уламжлалыг таягдан хаях нь клубийн ирээдүйг тодорхойгүй болгоход хүргэнэ. Ерөөсөө өнгөрсөн үеийн түүхэн мэдээлэлгүйгээр ирээдүйг прогнозлох статистик загвар байдаггүйг үргэлж санавал зохино. Нөгөө талаас нийгмийн хөгжил өөрчлөлтөд дасан зохицох цаашилбал бэлэн байх буюу эволюцид шаардагдах ашигтай мутац үүсэх нөхцөл боломж үлдээвэл зүйтэй. Иймээс "Клуб нь үндсэн чиглэлийн хажуугаар уулын унадаг дугуйн тэмцээн, уралдаан, сорилго, нэгдсэн бэлтгэл зэрэг бусад арга хэмжээ зохион явуулах юм уу зохион байгуулалттайгаар оролцож болох бөгөөд ийм арга хэмжээ нь "Клубээс зохиох унадаг дугуйн аяллын төрөл" хүснэгт дээр тодорхойлсон "жийлт" хувилбарт хамаарна." гэсэн заалтыг клубийн дүрэмд оруулсан.
    2. Хаа нэгтээ ил гаргаж бичээгүй боловч уулын зориулалттай, туулах чадвар сайтай унадаг дугуйг сайшааж харин цардмал замаар явахад зориулсан дугуйнаас зайлсхийх бодлого баримталж ирсэн. Мөн сүүлийн үед шинээр гарч ирсэн цахилгаан унадаг дугуйны талаар ч баримтлах бодлогоо тодорхой болговол зүйтэй байна. Клуб нь зөвхөн хүний булчингийн хүчээр л хөдөлж явдаг унадаг дугуйг дэмжих ба бусад хориг саад тавихгүй. Гэвч уламжлалын дагуу уул даваа давсан, шороон зам зонхилсон маршрут бүхий аялал голчлон зохиохыг эрмэлзэх ба иймд аялалд оролцох гишүүд унах дугуйгаа сонгохдоо аяллын үеэр туулах замын нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй.
  5. Зөв үлгэр дууриал болох
    хэвээрээ
  6. Хялбар байх
    Унадаг дугуйн аяллын маршрут, зар мэдээ, бүртгэл, дүн, статистик зэрэгтэй холбогдох бүхий л үйлдлийг зөвхөн энэхүү веб аппликейшн дээр хийж гүйцэтгэдэг болсон тул эдгээр бүгдийг түвэггүй, хялбар байлгана. Веб аппликейшнг ашиглахад хялбар байх үндэс нь зөвхөн түүний зохиомж, интерфейс бус харин үүнийг тодорхойлох дүрэм журам болохыг үргэлж санавал зохино.

Бусад

  1. Аяллын тэмдэглэл
    хэвээрээ
  2. Аяллын урьдчилсан зар
    Аялал эхлэхээс 3-аас 5 хоногийн өмнө нийтэлнэ гэсэн уламжлалыг үндсэндээ хэвээр мөрдөж буй бөгөөд жийлт болон өдрийн аяллын зарыг хамгийн багадаа 24 цаг, хоногийн болон олон хоногийн аяллын зарыг хамгийн багадаа 72 цагийн өмнө нийтэлж болно.
  3. Аяллын (event) зар
    Аяллын урьдчилсан зарыг үүнтэй нэгтгэсэн.
  4. Аяллын газрын зураг
    Статик, растер газрын зургийг GPS-д суурилсан динамик, интерактив байдалтай болгосон. Түүнчлэн уулын унадаг дугуйн аяллын маршрутын бүрэн нээлттэй цахим сан хөмрөг бий болох улмаар арвижих нөхцөл бүрдсэн. Энэ дашрамд дурдууштай нэг зүйл бол манай клубийн бүрдүүлсэн унадаг дугуйн аяллын маршрутын нээлттэй цахим санг унадаг дугуй сонирхогч хувь хүмүүс өөрсдийн аялалдаа бас бусад клубүүд үйл ажиллагаандаа ашиглаж буй явдал юм.
  5. Хүмүүстэй харилцах
    2021 оны сүүл үеэс өмнө Facebook нийгмийн сүлжээний платформын групп гэдэг үйлчилгээнд тулгуурлаж аяллын гэрчилгээ олгох, шинээр гишүүн элсүүлэх үйлдлийг хийж байсан бол өдгөө үүнийг клубийн веб аппликейшны тусламжтай хийж гүйцэтгэдэг болсон. Харин гишүүдийн асуулт, санал сэтгэгдэлд хариулах, мэдээлэл солилцох зэрэг үйлдлийг веб аппликейшны холбоо барих гэсэн хуудсаар дамжуулан гүйцэтгэж байна.
  6. Мэдээлэлтэй фото
    хэвээрээ
  7. Мэдээлэлтэй видео
    хэвээрээ
  8. "БАН"
    Веб аппликейшнд суурилсан шинэ системд ийм үйлдэл хэрэгцээгүй болсон.

Уриа

Зураг 2. Уриа буюу баримталдаг зарчим ба үүнийг тодотгох тайлбарын анхны хувилбар [2]

Зүгээр л жий гэдэг уриа ба үүний утга агуулгыг хэвээр хадгалж, дагалдах тайлбарыг нь дараах байдлаар ахин найруулсан.

  1. Мэдрэмж, хандлага
    Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
  2. Сорилт
    Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
  3. Тэсвэр, тэвчээр
    Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
  4. Эрсдэл
    Надад ямар ч эрсдэл учирч болно.
  5. Хувийн шийдвэр
    Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
  6. Хариуцлага
    Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
  7. Байдаг л үйл
    Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
  8. Жийлтийн эрчим
    Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
  9. Тэгш байдал
    Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
  10. Хамжаарга
    Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
  11. Хувийн нууц
    Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
  12. Дэг журам
    Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Энд буй зарчмын гол өөрчлөлтийн нэг бол "Би бусдын биш өөрийн хэмнэлээр урагшилна." бас "Аялал тэмцээн, уралдаанаас огт өөр." гэсэн өгүүлбэрийг хассан явдал юм. Үүний үүргийг "Би замд дураараа амрахгүй, зогсохгүй." болон "Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй." гэсэн өгүүлбэрүүд гүйцэтгэнэ.

Мөн "Админы сонголт шийдвэрийг хүндэтгэнэ." гэсэн өгүүлбэрийг "Клубийн дүрмийг ёсчлон дагана." гэж агуулгыг нь өргөтгөн хүчитгэсэн. Энэ нь клубийн удирдлага, зохион байгуулалтыг обьектив бус харин субьектив чиг хандлагатай болгох гэсэн зарчмын өөр нэг гол өөрчлөлт юм.

Гишүүн болох

Зураг 3. Хэрхэн яаж УУДАГ-ын гишүүн болдог байсан нь [2]

Веб аппликейшнд суурилсан энэхүү системийн дагуу шинэ гишүүд анх бүртгүүлэхдээ л хувийн хэргээ өөрсдөө нээнэ. Мөн энэ шатанд клубийн дүрэмтэй уншиж танилцсан байна. Түүнчлэн шинэ системийн онцлогоос үүдэн гишүүд хувийн дугаараа мэддэг байх (зураг 4.2, Цахим гэрээний 3 дугаар зүйлийн 4 дүгээрх заалт) бус харин хувийн хэрэг нээхдээ өөрийнхөө ямар имэйл хаягийг ашигласнаа тогтоох "үүрэг" хүлээх болсон. Ийнхүү гишүүдийн хувийн дугаар хэрэгцээ шаардлагагүй болсон тул гишүүдийн хоорондох ялгаа багасаж зөвхөн бахархлын тэмдэгтэй эсэх гэсэн цор ганц ангилал үлдсэн. Бахархлын тэмдэг нь клубийн эх үүсвэр анх тавигдсан цагаас эхлэн гишүүдээ алдаршуулах, урамшуулах ажлын хэрэгжүүлэлтийн гол хэлбэр байсаар ирсэн бөгөөд болзлыг нь биелүүлсэн гишүүдэд энэхүү тэмдгийг гардуулдаг уламжлалыг цаашид ч үргэлжлүүлбэл зүйтэйн дээр тэмдгийн нэр хүндийг ч хадгалбал зохино. Иймд бахархлын тэмдгийг дагалдах "Бахархлын хуудас"-тай болох, "Цагаан цомог"-т багтах зэрэг уламжлалт зүйлс дээр хоногийн аялалд оролцох эрх нээгдэх, судалгааны аялалд сонгогдон оролцох боломж нээгдэх зэргийг нэмж оруулсан.

Цахим гэрээ

Зураг 4.1. Цахим гэрээ: Нэр томьёоны тайлбар ба Админы үүрэг [2]

Хүмүүсийг зөвхөн админ ба гишүүн гэж хоёр л ангилах болсон. Аяллын маршрут, зар, дүн бүртгэл, статистик зэргийг веб аппликейшнд суурилсан цахим систем рүү шилжүүлсэн бас шинээр баримтлах болсон тодорхой байх гэдэг бодлоготой холбоотойгоор нэр томьёо гэж үзэж болох цөөнгүй үг хэллэг хэрэглээнд нэвтэрсэн тул эдгээр бүгдийг энгийн байлгах үүднээс энэ мэтчилэн зарим нэр томьёог эгэлчилсэн. Энгийн байх гэдэг нь манай баримтлах бас нэг шинэ бодлого юм.

Зураг 4.2. Цахим гэрээ: Гишүүний үүрэг ба бусад заалт [2]

Аялахыг хүссэн хүмүүс өөрсдийн сайн дураар, гишүүнчлэлийн болон бусад нэмэлт төлбөр хураамжгүйгээр аялалд оролцоно гэсэн суурь зарчим огт хөндөгдөөгүй. Гагцхүү насны доод босгыг 18 болгож ахиулсан. Бас гишүүнд тавих шаардлага ба хүлээлгэх үүрэг олширсон мэт харагдаж буй нь Цахим гэрээний хавсралт №1 (Зураг 4.3) дэх заалтуудыг хамтатгаснаас голлон шалтгаална. Түүнчлэн "Аялагч гишүүн нь хувийн дугаараа мэддэг байна." гэсэн үүрэг үгүй болсон ч хувийн хэрэг нээхдээ өөрийн ямар имэйл хаягийг ашигласнаа санаж байх хэрэгтэй болсон.

Зураг 4.3. Цахим гэрээ: Хавсралт [2]

Аялалд оролцох хүсэлтээ хувь гишүүн өөрөө цахимаар гаргадаг болсон тул хувийн хэрэг нээх болон аялалд цахимаар бүртгүүлэхийг гарын үсгийн баталгаа өгсөнд тооцож байна. Клубийн дүрмийн ийм заалт нь Цахим гэрээний "Бусад" зүйлийн 4 дүгээр заалттай үндсэндээ ижил юм.

Аяллын төрөл

Зураг 5. Аяллын төрөл, онцлог ялгаа [2]

Аяллын төрөл хэвээрээ хадгалагдаж буй бол туулах замын урт жийлт болон өдрийн аяллын хувьд 480 км болж өссөн бас өдрийн аяллын зохиогдох сарыг III сараас VI сар ба VIII сараас X сар болгосон. Өдрийн аялал бол гишүүдийн аяллын идэвх оролцоог илэрхийлдэг идэвхийн оноо статистикийн утгыг тодорхойлдог буюу бүх гишүүдийн "заавал оролцох аялал" мөн тул зохиогдох орчныг нь УБ хотын бүс юм уу УБ хотын бүстэй аяллын маршрутаар тасралтгүй холбогдсон газар орон гэж харин зохиогдох саруудыг нь улирлын цаг уурын нөхцөлтэй уялдуулж IX сараас XI сар гэж байсныг ийнхүү VIII сараас X сар болгож өөрчилсөн. Ингэхдээ УБ хот орчмын сар тутмын агаарын температурын дунджийг эш үндэс болгосон. Түүнчлэн өдрийн аяллыг бямба гарагт зохионо гэсэн заалтыг хэвээр мөрдөнө. Ийнхүү өдрийн аялал дээр анх тавьж байсан цаг хугацааны хязгаарлалтыг цахим системээр дамжуулан бодитоор хэрэгжүүлэх болсон тул жийлт дээрх зохиогдох сарын хязгаарлалтыг үгүй болгосон. Энэ нь VII сар болон XI сараас II сард аялал зохиох боломжийг хадгална.

Аялагчийн тэмдэг

Зураг 6. Группийн аялагчийн тэмдэг [2]

Тэмдгийн өнгө ба түүний дэс дараалал

Тэмдгийн болзол нь 1259 км-ээс эхлээд 40075 км хүрдэг тодорхой шатлалтай. Энэхүү шатлалын дагуу тэмдгүүдийг жагсаахад харгалзах өнгүүд нь дэс дараалалд ордог. Ийнхүү үүсэх өнгөний дарааллаас улаан, улбар шар, шар ба ногоон, хөх гэсэн "дараалал" анхаарал татдаг.

Тэмдгийн өнгөний дарааллын талаар үзэгдэх гэрлийн спектртэй холбож 2020 онд Facebook групп дээр коммент бичих байдлаар асуухад админы зүгээс "Гайхалтай" гэхээс цааш тодорхой хариу өгөөгүй юм. Facebook групп хуудсыг ухаж үзэхэд энэ талаар мэдээлэл олдоогүй.

Өнгөний дэс дарааллын хувьд хамгийн түгээмэл тархсан ойлголт бол үзэгдэх гэрлийн спектр [3] юм. Спектр улаан өнгөөс эхэлж улмаар улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх гэсэн дарааллаар үргэлжилж нил ягаан өнгө дээр дуусдаг [3]. Цагаан өнгөний хувьд гэрлийн спектр талаас харвал тэмдгийн шатлалын төгсгөлд байх нь ямар ч асуудалгүй юм. Хэрэв ингэж үзвэл тэмдгийн өнгөний дарааллыг орвонгоор нь эргүүлэхэд хүрнэ. Иймд тэмдгийн өнгөний дэс дараалалд өгөх оновчтой тайлбар олох хэрэгтэй.

Тэмдгийн өнгөний дараалалтай зохицох өнгөний тодорхой дараалал гэвэл тоон утгын их багын ялгааг тухайлбал газрын гадаргын өндөршлийн зөрүүг илэрхийлдэг өнгөн код (өнгөний дараалал) байна [4]. Энэ нь уулын унадаг дугуйн аяллын үеэр даваа руу өгсөн жийсээр өндөрт гардагтай ч авцалдана. Гэвч энэхүү дараалалд ягаан өнгө ерөнхийдөө хамгийн бага утга буюу нам дор газрыг илэрхийлдэг ч улаан өнгөний дараа орох өөрөөр хэлбэл хамгийн их утга буюу хамгийн өндөр газартай харгалзах явдал байна [5, 6]. Түүнчлэн цагаан өнгийг ягаан өнгөний дараа, илүү өндөр газрыг илэрхийлэхэд ашигласан тохиолдол байна [5]. Ийм тохиолдол олонтаа таарсанаас төлөөлөл болгон ганц нэгийг л эшлэл болгон авлаа. Харин хөх, цэнхэр, ногоон өнгүүдийг яг энэ дарааллаар нь нам дор газар буюу бага утгыг илэрхийлэхэд ашиглаж байна. Дүгнэвэл тоон утга болон газрын гадаргын өндөршлийн ялгааг багаас их рүү хөх, цэнхэр, ногоон, шар, улбар шар, улаан, ягаан,  цагаан  өнгөөр илэрхийлж байна.

Өнгөний дараалалд бэлэгдэл, ёс заншил зэрэг өөр утга учир бий эсэх талаар судлахад тэмдгүүдэд ашигласантай тохирох өнгөний хослол болон дэс дараалал олдоогүй.

Дээр дурдсан, аяндаа үүссэн тэмдгийн өнгөний тэрхүү дэс дараалал нь олон нийтийн дунд нэгэнт тогтсон хэвшилтэй тохирохгүй байгаа нь Зураг №1 дээрх Цэгцтэй мэдээлэл өгөх болон Зөв үлгэр дууриал болох гэсэн баримтлах бодлоготой зөрчилдсөн байна. Нэгэнт бид баримтлах бодлого хэмээн тунхагласан л тул уг бодлогын дагуу тэмдгийн өнгөний дэс дараалалд засвар өөрчлөлт оруулбал зүйтэй. Гэхдээ уламжлалаа хадгалахын тулд мөн түүнчлэн Зураг №1 дээр бичээстэй Тогтсон стандарт баримтлах гэсэн бодлогын дагуу ийм өөрчлөлт минимал хэмжээтэй байвал зохино. Засвар өөрчлөлтийг минимал байлгах өнгөний дараалал бол тоон утгын их багын ялгааг тухайлбал газрын гадаргын өндөршлийн зөрүүг илэрхийлдэг өнгөн код (өнгөний дараалал) юм. Энэ тохиолдолд зөвхөн Умард өмнөд ба Өрнөд дорнод тэмдгүүдийн л өнгийг солих болно. Харин бусад тэмдгүүдийн өнгө хэвээрээ байна. Түүнчлэн өнгөний залгамжит чанарын дагуу, дунд нь "цоорхой" үлдээхгүйн тулд тэмдгийн өнгөний дарааллыг цэнхэр өнгөөс эхлүүлнэ. Ийнхүү тэмдэг тус бүрт тэдгээрийн болзлын өсөх дарааллын дагуу цэнхэр, ногоон, шар, улбар шар, улаан, ягаан,  цагаан  өнгө харгалзана.

Тэмдгийн болзол

Тэмдгийн болзол дээр ч өмнө дурдсанчлан Цэгцтэй мэдээлэл өгөх болон Зөв үлгэр дууриал болох гэсэн бодлогыг баримталсан. Ингээд тэмдгийн болзол – босго утгыг нэгбүрчлэн нягтлан шалгахад хоёр хөрш улстай залгах хилийн урт зөрүүтэй байсан бөгөөд орсон өөрчлөлт нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар буюу төрийн албан ёсны эх сурвалжид үндсэлсэн [7]. Хөрш улстай залгах хилийн уртыг зөрүүтэй мэдээлэх нь Тогтсон стандарт баримтлах гэсэн бодлоготой ч зөрчилдөнө. Түүнчлэн засгийн газар хоорондын хэлэлцээрээр эцэслэн тогтоосныг сахих нь улсын иргэдийн үүрэг юм.

Эх сурвалж

  1. [1] "Монгол хэлний их тайлбар толь". 2015, мэдээлэл авсан 2023 оны 10-р сарын 1 <www.mongoltoli.mn>
  2. [2] "Улаанбаатар Уулын дугуйн аялал UUDAG Cycling Group UB Mongolia". 2017, мэдээлэл авсан 2021 оны 10-р сарын 29 <www.facebook.com>
  3. [3] Wikipedia contributors. "Visible spectrum." Wikipedia, The Free Encyclopedia. Wikipedia, The Free Encyclopedia, 5 Sep. 2023. Web. 15 Sep. 2023. <en.wikipedia.org>
  4. [4] Wikipedia contributors. "Contour line." Wikipedia, The Free Encyclopedia. Wikipedia, The Free Encyclopedia, 19 Jul. 2023. Web. 3 Oct. 2023. <en.wikipedia.org>
  5. [5] "Mongolia topographic map". мэдээлэл авсан 2023 оны 10-р сарын 03 <www.topographic-map.com>
  6. [6] "ChromaDepth Color Scheme". United States Naval Academy. мэдээлэл авсан 2023 оны 10-р сарын 03 <www.usna.edu>
  7. [7] "Улсын хил." Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар. 15 3-р сар 2023. мэдээлэл авсан 15 9-р сар 2023, 12:20 <www.gazar.gov.mn>

2025 оны 6 сарын 15

Саяхан л 2023 онд баахан өөрчлөлт шинэчлэлт хийснээ төд удалгүй "2025 он ..." гэснийг хараад "Бас юу өөрчлөх гээд байна вэ?" гэж бодох нь бараг л гарцаагүй. Иймээс энэ бол 2023 онд бичигдээгүй үлдсэн бичвэр бас тэр үед нэгэнт төлөвлөөд байсан ч дуусгаж амжаагүй болон хийж эхлээгүй байсан ажлын тайлан мөн цаашид уламжлан мөрдөх, сахин хамгаалах ёс заншлын баримт тэмдэглэл юм гэдгийг онцлон дурдъя.


Уламжлал шинэчлэл

Шинэчлэл үгүй бол уламжлал гэх нь утгагүй. Уламжлан авч үлдэх өв үгүй бол шинэчлэх бус зүгээр л шинээр зохион бүтээх явдал болно. Бас шинэчлэлийн үр дүн нь хөгжил байх ёстой. Хөгжих гэдэг нь өмнөхөөсөө сайжрах, дэвших, батжих, төгөлдөрших, орчин үеийн болох гэх мэтчилэн тайлбарлаж болох өргөн утгатай үг.

Аяллын гэрчилгээ

Зураг 1. Аяллын гэрчилгээ [1]

2021 оны намрын аяллын улирлыг дуустал дээрх зурагт үзүүлсэн загвараар аяллын гэрчилгээ гаргадаг байлаа. Үүнээс хойш аяллын гэрчилгээ нь клубийн веб аппликейшн дахь хуудсанд онлайнаар нийтлэгддэг болсон. Өөрөөр хэлбэл аяллын зар, аяллын газрын зураг, аяллын тэмдэглэл зэрэгтэй хамт нэг веб хуудсанд байршсан.

Өмнө гаргадаг байсан аяллын гэрчилгээ дээр нийтлэгддэг бүхий л мэдээллийг одооны веб аппликейшн өөртөө бүрэн агуулдаг. Гагцхүү аялалд оролцсон гишүүдийн нэрсийн дарааллыг хувийн дугаар буюу хэдийнээс клубийн гишүүн болсонд нь үндэслэн тогтоодог байсныг нэг дүгээрт тухай аяллын замын хэчнээн хувийг туулсан хоёр дугаарт клубийн аяллуудад оролцохдоо туулсан нийт замын урт гэсэн хоёр статистикийн утгаар эрэмбэлдэг болгон өөрчилсөн. Угтаа энэ нь клубийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох унадаг дугуйн аяллуудад хэр оролцсоноор эрэмбэлнэ гэсэн үг юм. Хэрэв оролцоотой байсаар байвал эрэмбэ өсөж харин эсрэгээрээ оролцохгүй бол эрэмбэ хэвээр хадгалагдана. Өөрөөр хэлбэл аяллын гэрчилгээ дэх эрэмбэлэлтийг статистик байдлаас гаргаж динамик болгосон.

Аялагчийн тэмдэг ба Бахархлын хуудас

Зураг 2. Бахархлын хуудас [1]

Өдгөө Бахархлын тэмдэг гэж буй тэмдгийг өмнө аялагчийн тэмдэг гэдэг байсан. Аялагчийн тэмдгийн болзол биелүүлэхэд дээрх зурагт үзүүлсэн шиг Бахархлын хуудас гаргаж өгдөг байсан нь одоо онлайн хуудас хэлбэртэй болсон.

Сая дурдсанчлан Бахархлын хуудас нь Аялагчийн тэмдэгтэй салшгүй уялдаатай байсан тул уг тэмдгийг Бахархлын тэмдэг гэж нэрлэсэн. Хэдийгээр гишүүд тэмдгийнхээ болзлыг өдрийн аяллаар голчлон биелүүлсэн байдаг ч үүнд нь хэдийгээр аялал гэгддэг ч УБ 240/24 болон Долоон давааны сорилго зэрэг өвөрмөц онцлогтой жийлтүүд хувь нэмэр оруулах нь цөөнгүй тохиолддог. Түүнчлэн тэмдэгтэй болсоноор хоногийн болон олон хоногийн аялалд оролцох буюу клубийн хүрээнд жинхэнэ аялагч гэгдэх боломж нь нээгддэг. Иймээс Аялагчийн тэмдэг нэрийг Бахархлын тэмдэг болгон өөрчилсөн. Нөгөө талаас тус тэмдэг нь клубийн гишүүний өөрөөрөө бахархан өөртөө болон өрөөл бусдад үзүүлэх эд аргагүй мөн.

Тэмцээн уралдаан

Өнгөрөгч онуудад Монголын дугуйн холбооноос клубийн нэрээр лиценз авсан гишүүдийг урамшуулан дэмжих зорилгоор уулын дугуйн зарим тэмцээн уралдаантай уялдуулсан жийлт зарлан аяллын тодорхой зайг хувийн хэрэгт нь тусган оруулж байлаа. Ийм арга хэмжээнээс үүдэн үүнийг хэрхэн зохиох вэ бас аялал ба тэмцээн гэсэн хоёр өөр төрлийн арга хэмжээг хэрхэн дүйцүүлэх вэ зэрэг асуудал гардаг байв. Иймээс 2025 онд тамирчин гишүүдийн амжилтын бүртгэл хөтлөх тусдаа хуудас хөгжүүлэн ажиллагаанд орууллаа. Өөрөөр хэлбэл цаашид тэмцээн уралдаантай уялдуулсан жийлт зарлаж байх шаардлагагүй боллоо.

Уламжлан мөрдөх, сахин хамгаалах ёс заншил

Үүнийг хөндөхөөс өмнө клубийн үүсгэн байгуулагч, админ Э.Отгонжаргалын бичсэн дараах бичвэрт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Улаанбаатар уулын дугуйн клуб хэрхэн ажилладаг вэ

Улаанбаатар уулын дугуйн клуб нь насанд хүрсэн хувь хүний эрх, үүргийг хүндэтгэн үзэх үзэл дээр тулгуурлан бий болсон систем юм. Энэ системийг бүрдүүлэгч элемент нь Админ болон бусад хувь хүн.

Клуб нь сонирхол нэгтэй хүмүүсийн бүлэг бус аялалд сайн дураараа оролцдог хувь хүмүүсийн нэгдэл юм. Клуб унадаг дугуйн аялал зохиох зорилготой. Клуб өөрөө хуулийн этгээдийн статусгүй, татвар хураамжгүй байгууллага. Иймээс нийгмийн арга хэмжээнд оролцох, нэгдсэн хурал хийх, санал асуулга явуулах гэх мэт үйл ажиллагаанд клуб оролцох хуулийн үүрэг байдаггүй. Клубийн үйл ажиллагааг унадаг дугуйн аяллаар дамжуулан Админ хөгжүүлж, аялалд оролцогч багийн гишүүнд "үйлчлэх" үүрэгтэй.

Аяллыг тухайн хугацаанд хэрэгжих төсөл гэж ойлговол зохино. Аялал нь зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу сонгосон чиглэл, эхлэх дуусах хугацаатай цогц арга хэмжээ. Аяллын зарыг клубийн веб хуудсаар түгээнэ. Аяллын төрлөөс хамаарч бүх хүнд нээлттэй. Ирсэн хувь хүн нь аяллын явцад клубийн дүрмийг үндэслэн Админы шууд удирдлагад багийн гишүүн болно.

Аялал дууссаны дараа аяллын баг "тарна". Зохих статистик мэдээлэл, тэмдэглэл, гишүүний хувийн хэргийн мэдээлэл түүх болон веб хуудсанд бичигдэнэ. Клубийн аялалд оролцох, оролцохгүй байх нь тухайн хувь хүний эрх. Иймээс клубт байнгын гишүүн гэсэн ойлголт байхгүй. Аялалд оролцсон хувь хүний аяллын хувийн хэрэг нь тухайн хүний оролцоог илэрхийлдэг.

Клуб нь клубийн аялалд оролцож байсан хувь хүний үзэл бодлын илэрхийллээс үргэлж ангид байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хувь хүн клубийг аль ч талаар төлөөлөхгүй. Клубийн мэдээ мэдээлэл, бодлого, үйл ажиллагааг Админ төлөөлнө.

Улаанбаатар уулын дугуйн клубийн Админ Э.Отгонжаргал

Уг бичвэрт клубийн баримталдаг зарчмыг нэг утгатай тодорхойлсон бөгөөд чухам энэ нь клубийн уламжлан мөрдөх, сахин хамгаалах ёс заншил юм.

Олон хүн адилгүй байдаг бас цаг хугацааны явцад хүн хувирч өөрчлөгддөг тул клубийн гишүүн бас админ ч уг зарчмыг үргэлж санах, умартахаас сэргийлэн тогтмол уншиж сэргээх хэрэгтэй. Чухам ийм шалтгаанаар уламжлал шинэчлэл хэмээх энэхүү хуудсыг нээсэн билээ.

Уг ёс заншил нь клуб урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чиглэсэн. Энэ талаар клубийн админууд бүгд ижил байр суурьтай байдаг бөгөөд клубийн гишүүд - хувь хүмүүс ч клубийн энэхүү ёс заншил буюу баримталдаг бодлогыг дагах үүрэгтэй. Яагаад гэвэл энэ нь бусад ёс заншлын адил сургамж, туршлага бас баримт ба мэдлэг болон судалгааны үр дүн дээр үндэслэсэн. Иймээс клубийн үзэл баримтлал, дүрэм зэрэгт зөвхөн бодит үндэслэл ба судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулна. Клубийн түүхнээ аялалд оролцож байсан гишүүдийн дундаас ганц нэгээрээ болон хэсэг бүлгээрээ нийлэн өөрөө өөртөө өгсөн ёс суртахууны зөвшөөрөлд [2] дулдуйдсан хувийн явцуу хүсэл сонирхол шингэсэн санаачлага гаргахаас эхлээд бүр цаашилбал шахалт дарамт үзүүлэх явдал нэг биш удаа тохиолдож байлаа. Өөрөө өөртөө олгосон ёс суртахууны зөвшөөрөлд [2] дулдуйдан клубийн үнэт зүйл ба баримталдаг бодлоготой илт зөрчилдсөн ийм явдлын эх үүсвэр бүр 2017 оноос тавигдан 2020 болон 2021 он гэхэд төлжиж гүйцээд улмаар хорт хавдар мэт үсэрхийлэн тархсан нь 2025 онд болсон үйл явдлаас тодорхой харагдсан. Тэр үед клубийн админууд нэг байр суурьтайгаар 2016 онд анх байгуулсан, өдгөө Улаанбаатар уулын дугуйн клуб гэдэг нэрээр үйл ажиллагаа явуулж буй, дээр дурдсан системээ хамгаалан авч үлдсэн ба нөгөө тал ч өөрсдийн хүсэл сонирхлоо дагасан. Шулуухан хэлэхэд Хоёр дугуйт ертөнцөд тавтай морил гарын авлага [3] дээр бичсэн шиг дугуй унадаг хүн эрүүл сэтгэхүй ба эрүүл амьдралтай болчихсон байх, цаашилбал болох ч албагүй тул клубийн үнэт зүйлийг цаг ямагт хамгаалах хэрэгтэй ажээ.

Эх сурвалж

  1. [1] "Улаанбаатар Уулын дугуйн аялал UUDAG Cycling Group UB Mongolia". 2017, мэдээлэл авсан 2021 оны 10-р сарын 29 <www.facebook.com>
  2. [2] Wikipedia contributors. "Self-licensing." Wikipedia, The Free Encyclopedia. Wikipedia, The Free Encyclopedia, 9 Jun. 2025. Web. 15 Jun. 2025. <en.wikipedia.org>
  3. [3] "Хоёр дугуйт ертөнцөд тавтай морил" унадаг дугуй сонирхогчдын гарын авлага. Раднаагийн Хадбаатар, 2016